БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Thursday, December 15, 2011

ХЭЛ ШИНЖЭЭЧДЭД ХИЙХ АЖИЛ ИХ БИЙ


Аливаа судлаач хүнд өөрийн судалгааны ажлаас гадна нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Олон нийтийн дунд буруу зөрүү яригддаг зарим зүйл дээр залруулга хийн үнэн зөв мэдээлэл өгөх, бүх нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь хэл судлалаар ажиллаж буй бидний бас нэгэн үүрэг биз ээ. Эл үүргээ эс биелүүлэх аваас мэргэжлийн судлаачдын ажлыг “орлон тоглогчид” хийх гээд байх болжээ. Ингэхдээ тэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан биднээс хамаагүй хурдан, хүртээмжтэй хэлбэрээр ард олонд түгээж байна.
Үнэндээ “гол тоглогч” болох судлаачид бид өөрсдөө л “орлон тоглогчдод” зайгаа чөлөөтэй тавьж өгдөг нь буруу юм. Зүй нь атомын цахилгаан станцын хор хөнөөлийн талаар улс төрчид биш физикчид нь, хэл бичгийн асуудлаар бөө нар биш хэл шинжээч эрдэмтэд нь, түүхийн асуудлаар зохиогчид биш түүхчид нь маргалддаг болчихвол хичнээн аятайхан байх билээ. Ганцхан жишээ татъя. Эд бол хэл шинжлэл, үгийн гарлаар оролддог “суутнууд”. Хэлж ярьж байгаа үгийн гарлыг нь үнэндээ ардын этимологи гэхэд ч хэцүү. Эрдэм мэдлэг гэхэд ч хэцүү аж. Харин тэр хүний өөрийнх нь бодож олсон уран санаа, чөлөөт фантааз гэхээс өөр юу гэхэв.
Хэлний үгийн уг гарлыг түүхэн хэл шинжлэлийн үүднээс нэхэн хөөж тогтоох ухааныг “этимологи” гэнэ. Эсрэгээрээ үгийн авианы өөрчлөлтийн хууль зүй, хэл зүйн байгуулал, утгын онцлогийг харгалзахгүйгээр шинжлэх ухааны ямар ч үндэсгүй тааж тайлбарлахыг ардын этимологи гэдэг. Ардын этимологичдын бодож олсон уран санаа, чөлөөт фантаазыг нь бишрээд сонсоод байвал тэд үргэлжлүүлээд л яриад байна. Шалдан байгаа хааныг шалдан гэж хэлэхгүй бол харин ч бид өөрсдөө тэнэг болох биз.
Нэгэн суу ухаантан ингэж байна. Бөө гэдэг үг бол “Б-Ө-Ө” буюу “Бөөнөөр нь Өртөөлөн Өрнүүлэхүй” гэдэг үгийн товчлол гэжээ. Энэ үг академич Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон кирилл үсгийн дүрмээр л гурван тэмдэгт харагдаж байгаа болохоос цаанаа монгол бичгээрээ “бөгэ” гэж бичдэг үг. Монгол бичгээр бөх барилдахын бөхийг ч бас ингэж бичнэ. Тэгэхээр ядаж бөө гэдэг үг бөх гэдэг үгтэй ойр юм гэж ойлгож болно. Тэр эрт цагт бөөг “бөөнөөр нь өртөөлөн өрнүүлэхүй” гэж нэрлээд, тэр нэрлэснээ товчлоод бөө хэмээн дуудсаар өнөөг хүрээгүй нь лавтай.
Зарим үгийн гарлыг тайлбарлаж байгаа нь үнэмшихэд бэрх санагдавч юутай ч шинжлэх ухаан талаа баривал үүгээр л тайлбарлана. Дээрх мэт уугуул монгол үгийн гарлыг монгол хэлний үгийн бүтэц болоод авианы бүтэц бүрэлдэхүүн, түүхэн хөгжил хувьслаас гаргахаас өөрөөр судлах, тайлбарлах боломжгүй билээ. Энэ нь хамгийн энгийндээ л монгол бичгээр хэрхэн бичигдсэнийг нь анзаарна гэсэн үг. Тэрнээс хамаа намаагүй кириллээр бичсэнийг үсгээр нь товчлоод тайлбарлахгүй л дээ. Эрт цагт монголчууд ямар одоогийнх шиг кириллээр бичээд, үг товчлоод яриад байсан биш.
Үгийн гарал судлалаар мэргэшсэн эрдэмтэн бол доктор М.Базаррагчаа. Тэрээр бөө гэдэг үгийн “бөгэ” хэмээх үндсийг бөөн гэсэн утгатай гээд “бөгэн буюу бөөн”, “бөгэ буюу бөө”, “бөгэлжи буюу бөөлжих” (бөөн бөөнөөр гаргах) зэрэг үгсийг бүтээсэн гэжээ. Ингээд “Бөгэ” гэдгийн “бө” нь багларах, хуралдах, ид шидийг хуралдуулах, харин “-гэ” нь уул хүч чадал нь байнгад орших утгыг заадаг гээд бөө гэдэг нь ид шид нь бөөгнөрсөн эрчтэй хүн гэжээ. Тэр байтугай “бөөс” гэдэг үгийг ч хамаатуулан тайлбарласан байна.
Бас нэг хэсэг суутан болохоор үгийг дандаа үеэр нь утгачлан тайлбарлана. “Үндэс” гэдэг үгийг “Үнэт эс”, “оюутан” гэхийг “оюуны тан”, “нийгэм” гэхийг “ний гэм” биш “ний хэм” буюу нийтээрээ хэмтэй байна, “гайхалтай”-г “гайг халж амьдар”, харин “гайхамшигтай” гэвэл “гайг хамсан юм шиг амьдар”, “нам”-ыг “намаг” гэсэн үгнээс гаралтай, “мөрөөдөл”-ийг “мөрөө үлдээгээд өөдөл”, “зорилго” бол “зориод ойлго” гэх мэтээр үг бүрийг л үе үеэр нь тайлбарлаад явчихна. Ингэж болохгүй ээ.
Одоо хамгийн зугаатайгаар үгийн гарал мөшгөсөн нэгэн суутны тайлбарыг хэлье. Мань хүн үсчин гэдэг үгийг “Ү-С-Ч-И-Н” буюу “Үнэнийг Сэргээн Чиглүүлж Илжүүлэн Нийлүүлэх” гэж ойлгосон байна. Үс засахад үнэнийг сэргээх ч ямар шаардлагатай юм, илжүүлэх гэж юу гэсэн ч утгатай юм, бүү мэд. Уул нь манай монгол бичиг чинь юман доогуур шургадаг болохоор нь “ширгулжи” (шоргоолж) гээд, шавааралдаад шаваад байдаг болохоор нь “шибажи” (шавж) хэмээн биччихдэг, энэ нь ч үгийн гарлыг нь сайхан харуулчихдаг ойлгомжтой бичиг билээ.
Хэл шинжлэлээр ажиллаж байгаа бидэнд энэ мэтээр олон нийтэд хандаж хийх ажил их байна. Ганцхан монгол хэлний үгийн гарлын талаар авч үзэхэд л ийм байна. Иймд хэл судлаач бид л энэхүү үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах хэрэгтэй.
Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид “Монгол хэлний үгийн бүтцийн толь”, “Монгол хэлний түүхэн харьцуулсан толь” зэрэг томоохон толь бичгүүдийг туурвиж байна. Эдгээр бүтээлүүд хэвлэгдэн гарснаар монгол хэлний үгийн гарлын толь зохиох ажлын үндсэн суурь тавигдах юм.

Gangbaa,2011.

No comments:

Post a Comment

gangbaatar@gmail.com