“Монголоо хөгжүүлье”, “Ард түмнээ баян болгоё”, “Шударга ёс тогтооё”, “Эх орон эрлийзүүдээр дүүрлээ”, “Эх орны баялгийг ард түмний гарт атгуулъя” гэж уриалж явсан нөхдүүд гэв гэнэт газрын гаваар орчихсон мэт алга болчихов. Яав ийв гээд хүн амьтнаас сураг ажиг тавьсан чинь нөгөө хэд маань бүгд ГИШҮҮН болсон сурагтай. Одоо л эх орноо хөгжүүлж, ард түмэн биднийгээ чинээлэг хангалуун амьдруулж, болж бүтэхгүй байгаа түмэн зовлон, мянган бэрхшээлээс ангижруулах цаг нь ирлээ... Ингэж найдаж суусаар нэг л мэдэхэд гурван жилийн нүүр үзлээ. Нөгөө хэдээс минь ямар ч сураг алга.
Саяхнаас телевизээр нэг танил төрх үе үе, ойр ойрхон гарах болов. Энэ ч хэн сэн билээ, миний нэг танил биш билүү?, бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр энэ хүний алдар толгойд ер буудаггүй. Тэгсэн мань эр “Монголоо хөгжүүлье”, “Ард түмнээ баян болгоё”, “Төрийн бодлого буруу байна” гэсэн айхтар сүржин үгнүүдээ дахин тоть шиг давтаж эхэллээ.
-“Ээ харлаа. Энэ чинь манай тойргоос сонгогдсон нөгөө гишүүн маань байна ш дээ. Сонгосон гишүүн, өөрийн төлөөллөө болгож төрд суулгасан хүүгээ таньдаггүй мунгинасан муу эмгэн” гэсээр Хандаа эмээ өөрийгөө загнаж, хөгшрөхөөр хүн танихаа болих юм аа хүүхээ гэж над руу харан бувтнана. Аргагүй дээ 70 гарч яваа Хандаа эмээ байтугай 30 хүрээгүй би ч гэсэн тойргоосоо сонгосон гишүүнээ танихгүй байхад. Энэ нөхрийг УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолоос хойш бараг олж харсангүй. Харин ч Хандаа эмээ надаас илүү таньцтай юм гээч.
Би нэг л зүйл ойлгохгүй юм. Энэ юу вэ гэвэл өөрөө төр барилцаж байж “төрийн бодлогын буруу”-г энэ хавар л, өнөөдөр л нэг юм ойлгосон юм байх даа. Эсвэл энэ гурван жилийн хугацаанд төрийн ажилд оролцолгүй, ямар ч хуулийн төсөл санаачлалгүй зүгээр л гэртээ “тааз ширтэж хэвтсэн” юм болов уу. Мэдэх л улс.
Зүтгэж зүтгэж, зүтгүүлж зүтгүүлж нэг юм УИХ-ын гишүүн хэмээх гуншинг зүүгээд тааваараа сайхан амарчихаж ч амжаагүй байхад дахиад л сонгууль. Болдог бол энэ сонгуулийн хугацааг НАЙМАН жил болгочих юм сан. Хэрвээ тэгвэл эхний дөрвөн жилд нь сайхан амарч аваад, сүүлийн дөрвөн жилд нь төрийн ажлыг язгануулаад өгөхгүй юү гэж зарим нэг гишүүн ярьж байна гэсэн шүү. Ядаж Орос шиг 6 жилээр сонгуулийн хугацаагаа тогтоое!!! Гурван жилд нь амраад, гурван жилд нь ажиллая гэж сэрүүн зүүдэлж яваа гишүүн нэг бус байдаг сурагтай.
Манай тойргийн гишүүн харагдаад эхэлсэн болохоор ямар нэгэн юм дөхөж буйн дохио. Манай гишүүнээс гадна хавар болгон л төв талбай дээр жагсаж, сууж, хэвлэлийн хурал хийдэг жагсагчид, бас бидний сайн танил шантаачтангууд ч бас ажилдаа эргэн орж, энэ хавраас дугарч эхэллээ. Тэд яг л ичээнээсээ гарч буй тарваганы “хошгичих” байдалтай адил санагдна.
Тарвага гэснээс монголын улс төрчдийг ажиглахад тарваганы тухай нэг домог санаанд орлоо. Тэрхүү домогт өгүүлснээр тарвага хөлийн сарвуундаа бүх зүйлийг урьдчилан харж чаддаг их мэргэн амьтан гэнэ. Аюулт араатан, жигүүртэн, анчин хүн өөрийг нь агнахаар ирж буйг сарвуундаа хараад, нүхнээсээ хэзээ ч гарахгүй гэж тангарагладаг гэнэ. Гэсэн хэдий ч сарвуугаа газарт тавингуутаа л өнөөх зөгнөж харсан мэргээ таг мартдаг аж. Тэгээд л нүхнээсээ гарч анчинд агнуулж, араатанд бариулдаг” гэсэн нэг аман яриа, домог ард олны дунд өргөн тархжээ.
Үүнтэй нэгэн адил манай улс төрчид сонгуулийн өмнө баахан юм амлачхаад, Их хурлын зөөлөн сандал дээр суунгуутаа хэлснээ мартаж, хэхэрснээ залгина. Ард олноо биш хар толгойгоо бодож, амьдралынхаа туршид идээд барахгүй хөеө ноохойгоо нөөцөлж эхэлнэ. Ингээд бодоход Тэд тарваганаас хэд хэдэн зүйлээрээ ялгарч, бас хэдэн хэдэн зүйлээрээ тарвагатай тохирно.
Ø Тарвага хар нүхэнд, тэд (улс төрчид) харшид амьдарна.
Ø Тарвага нэг өвлийн турш ичээд хавар нь гарна. Тэд бүтэн гурван жилийн туршид ичээд, сонгуулийн урд жил ичээнээсээ гардаг.
Ø Тарвага ганц л өвөл идэх хөеө хураадаг бол тэд их хуралд сууснаар нэг насаараа идээд ч барахгүй хөрөнгө хураана.
Ø Тэд хоёулаа их мэргэн, бас их мэдэгч. Харин нэг нь савраа газарт тавиад, нөгөө нь сандалд бөгсөө тавиад түүнээ мартана.
Ø Тэдний ялгаа нь тарвага зөнгөө таг мартаад нүхнээсээ гарна, тэгээд буудуулна. Харин гишүүн маань амласнаа мартана, гэхдээ орд харшаасаа цухуйхгүй. Цухуйсан ч хар машинд суун, хар шилтэй хүмүүсээр хамгаалуулж, харц түмэндээ үл харагдана. Харин сонгууль болохоос яг нэг жилийн өмнө амлалтаа буцаад санана.
Энэ мэт шинжээрээ Хар нүхэнд амьдрагч Мэрэгч хийгээд Харшид суугч Мөлжигч хоёрын агаар нэгэн буй.
Gangbaa
No comments:
Post a Comment
gangbaatar@gmail.com