БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Friday, December 23, 2011

ХАР НҮХЭНД АМЬДРАГЧ МЭРЭГЧ, ХАРШИД СУУГЧ МӨЛЖИГЧ


“Монголоо хөгжүүлье”, “Ард түмнээ баян болгоё”, “Шударга ёс тогтооё”, “Эх орон эрлийзүүдээр дүүрлээ”, “Эх орны баялгийг ард түмний гарт атгуулъя” гэж уриалж явсан нөхдүүд гэв гэнэт газрын гаваар орчихсон мэт алга болчихов. Яав ийв гээд хүн амьтнаас сураг ажиг тавьсан чинь нөгөө хэд маань бүгд ГИШҮҮН болсон сурагтай. Одоо л эх орноо хөгжүүлж, ард түмэн биднийгээ чинээлэг хангалуун амьдруулж, болж бүтэхгүй байгаа түмэн зовлон, мянган бэрхшээлээс ангижруулах цаг нь ирлээ... Ингэж найдаж суусаар нэг л мэдэхэд гурван жилийн нүүр үзлээ. Нөгөө хэдээс минь ямар ч сураг алга.

Thursday, December 15, 2011

ХЭЛ ШИНЖЭЭЧДЭД ХИЙХ АЖИЛ ИХ БИЙ


Аливаа судлаач хүнд өөрийн судалгааны ажлаас гадна нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Олон нийтийн дунд буруу зөрүү яригддаг зарим зүйл дээр залруулга хийн үнэн зөв мэдээлэл өгөх, бүх нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь хэл судлалаар ажиллаж буй бидний бас нэгэн үүрэг биз ээ. Эл үүргээ эс биелүүлэх аваас мэргэжлийн судлаачдын ажлыг “орлон тоглогчид” хийх гээд байх болжээ. Ингэхдээ тэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан биднээс хамаагүй хурдан, хүртээмжтэй хэлбэрээр ард олонд түгээж байна.

Tuesday, November 29, 2011

Орчин үеийн хэл шинжлэлийн зарим чиглэл, салбарууд


            Хэл шинжлэл нь эртний ухааны нэг бөгөөд орчин үед дараах үндсэн 3 чиглэл, олон салбар ухаан болон хөгжиж байна. Үүнд:

1.        Онолын хэл шинжлэл (Theoretical linguistics)
·         Ерөнхий хэл шинжлэл (Ceneral linguistics) нь хэлний гүн ухаан, хэл сэтгэхүйн холбоо, хүн төрөлхтний хэлний бүтцийн онолын үндсэн асуудлуудыг судалдаг.
·         Танин мэдэхүйн хэл шинжлэл (Cognitive linguistics) нь хэлээр дамжуулж хүний танин мэдэхүйн процессыг судалдаг.

Friday, September 16, 2011

Монголын сайхан орноор Ерөнхийлөгчтэй, сайхан Монгол орноор надтай хамт аялаарай.


Улаан цутгалан
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “Улаан цутгалан” хэмээх монголын хамгийн их устай хүрхрээ бий. Уг хүрхрээ нь сумын төвөөс баруун тийш 30 орчин километрийн зайтай, 20 гаруй метрийн өндөрөөс буух 5 орчим метр өргөнтэй хүрхрээ юм. Үүнийг зарим хүн “Орхоны хүрхрээ” хэмээн нэрлэх тохиолдол байдаг. Гэвч энэ нь ташаа нэрлэлт юм. Учир нь Хангай нуруу, тухайлбал Хятруун болон Улаанаас эх авсан Хятруун болон Улааны гол Орхон голд цутгахдаа уг хүрхрээг үүсгэжээ.

Thursday, August 18, 2011

ОРХОН ГОЛ ӨНГӨӨ СОЛЬСНЫ 10 ЖИЛИЙН ОЙД...


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, цагтаа хөндийдөө устай, хөрсөн дороо баялагтай, ууландаа модтой, усандаа загастай сайхан нутаг байлаа. Гэвч Монголд “Алт хөтөлбөр” гэгчийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Бат-Өлзийнхөн баялгийн хараалд нэрвэгдэж эхлэх нь тэр ээ. “Монгол газар”, “Гацуурт”, “Алтан Дорнод Монгол”, “Дөрвөн эрх” өөр юу юу ч билээ том, жижиг нийлсэн арав гаруй алтны уурхай энэ сумын нутаг дэвсгэр, Орхон голын эхэнд үйл ажиллагаа явуулах болж “алт”-ыг бөөн бөөнөөр нь олборлож уурхайн эзэд нь хагартлаа баяжиж аймаг, сумын хэдхэн дарга багахан хэмжээний юм авснаас бусдаар нутгийн иргэдэд наалдсан, нөлөөлсөн зүйл алга. Алт олборлосны үр дүнд ундны ус, малын бэлчээргүй болсон нутгийн малчид, овоолсон хар шороо, шавартай шар ус л энэ нутагт үлдлээ.

Tuesday, August 16, 2011

МОНГОЛЫН МАРГААШ ДУУСАХГҮЙ, ТАЙВАН БАЙЦГААЯ.


Монголчууд бид хэзээний л тайван улс. Тэр дундаа халх монголчууд. Аргагүй дээ энэ их уудам нутагт, шахаж хавчих зүйл байх биш, хэдэн зууны турш тааваараа аж төрж ирсэн улс учраас. Хөдөөнийхөн бүр тайван амгалан. Санаа зовох зүйлгүй, стресс гэдэг зүйл бараг л байхгүй. Болдог бол хөдөө амьдармаар... Гэхдээ болохгүй ч зүйл юу байхав дээ. Утастай бол утастай, интернеттэй бол интернеттэй, бас кабелийн телевизтэй. Хотоос ялгарах зүйл бараг байхгүй, мэдээллээ цаг алдахгүй авна гэсэн үг. Тэгэхээр манай хөдөөний малчдыг хотын хөгжлөөс хоцрохгүй мөр зэрэгцэн явж байна гэж хэлж болох байх. Гэвч би гэдэг хүн чинь хөдөө гарлаа гэхэд мал мал мэдэхгүй, тариа ногоо тариад амьдаръя гэхээр газар шорооны ажил мэдэхгүй тийм л хүн шүү дээ. Дээр нь бас ажилдаа хорогдоод... Тэтгэвэрт суухаараа харин хөдөө гарч амьдаръя гэсэн бодол бий шүү. Тэр болтол фермэр мермэр, ногоо цагааны юм жаахан сурна даа.

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ



“БЯМБЫН РИНЧЕН. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЧУУЛГАН”
        
Монгол улсын төрийн шагналтан, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, монгол хэл шинжлэлийн ухааны ууган доктор, профессор, эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений эрдэм шинжилгээний өгүүллийг анх удаа ботилон хэвлүүлж байна. Их эрдэмтэн монгол судлалын чиглэлээр хэдэн зуун өгүүллийг монгол, орос, англи, франц, герман, польш хэлээр бичиж нийтлүүлсэн юм. Гадаадад хэвлүүлсэн судалгааны өгүүлэл, бүтээлүүд нь “эрээд эрээд олдошгүй эрдэнэ, сураад сураад олдошгүй сувд” лугаа адил олдохуйяа ховор болжээ. Монгол судлалын хүрээнд эдүгээ болтол, түүний туурвиж хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийн бүрэн түүвэр нь хэвлэгдэж хараахан гараагүй байгаа билээ. Тиймийн тул Б.Ринчений туурвиж нийтлүүлсэн эрдэм шинжилгээний туурвилын дээжийг “Бямбын Ринчен. Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” гэсэн нэрээр анх удаа ботилон хэвлүүлж, түмэн олны  хүртээл болгож байна.

МОНГОЛ БҮСНИЙ БЭЛГЭДЭЛ


Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл юм. Түүнд тухайн иргэн зон, угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг билээ. Монголчууд түүхийн урт удаан хугацаанд нүүдэлчдийн ахуйн өвөрмөц соёлыг бүтээсэн бөгөөд түүнд хувцас голлох байр эзэлдэг.

МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУ СУДЛАЛ


Монгол хэлний нутгийн аялгууны судлал бол монгол хэлбичгийн шинжлэх ухааны томоохон салбар ухаан болно. Одоо Монгол улсад Халх, Ойрад, Буриад, Үзэмчин гэсэн дөрвөн гол аман аялгуутан оршин сууж байна. Монголчууд бидний хэл яриаг гадаадад эрчимтэй судлах ажил бүр 1898 оноос эхэлжээ. Монгол хэлний нутгийн аялгуу судлалын 110 гаруй жилийн түүхийг эргэн үзэхэд анхандаа гадаадын монголч эрдэмтэд монгол хэл аялгуутны угсаатны бүрэлдэхүүн, оршин суух нутаг орон, зан үйлийн талаас илүү анхаарсан байна. Энд юуны өмнө Финляндын эрдэмтэн А.Кастрен, Г.И.Рамстедт нарын судалгааны талаар өгүүлье. Академич Б.Я.Владимирцов: “А.Кастрены гялалзсан бүтээлүүд нь тухайн үеийнхээ монголын судлалын бүтээлүүдээс хол түрүүлсэн юм. ... Бүтэн тавин жилийн турш амьд монгол хэл аялгуунууд, аман ярианы хэлийг судлах ажил огт урагш ахисангүйгээр үл барам, А.Кастрены судалгааг ч зохих хэмжээгээр ашигласангүй... Хожим монгол амьд хэл ярианы хэлийг анхаарч судалсан ганц нэг судалгаа гарсан боловч тэдгээр нь А.Кастрены гарамгай бүтээлүүдийг алт ч талаараа, хаана ч хүрээгүй юм. Дөнгөж ХХ зууны эхээр монголын судлал А.Кастрены заасан зам дээр гарч, түүний эх орон нэгт эрдэмтэн, монгол судлалын шинэ эринийг эхлэлийг  тавигчийн нэг Г.И.Рамстедт амьд хэл аялгууны судлалыг чухалчлан үзэх болсон билээ”1 гэжээ. А.Кастрены эхэлсэн алтай хэлний судалгааг үргэлжлүүлэхээр Финно-Угорын нийгэмлэгийн ерөнхийлөгч О.Доннер 1898 онд Төв Азийн хэд хэдэн оронд авьяаслаг залуу судлаачдыг илгээх санал гаргаж Г.И.Рамстедтыг Монгол руу явуулжээ. Г.И.Рамстедт Байгалын өмнөд бие, Гадаад Монголд гурван жил сууж цуглуулсан хэрэглэгдэхүүнээ боловсруулж монгол хэлний судлалаар хоёр сайн ном бичсэний нэг нь халх монгол хэлний авиа судлалын тухай “Монгол ном бичгийн хэл, хүрээний аман аялгуу хоёрыг авиазүйгээр харьцуулсан нь” гэдэг2  зохиол болно. Энэ судалгаа 1902 онд Герман хэлээр гарч дараахан нь 1908 онд монголч эрдэмтэн А.Д.Руднев оросоор орчуулан хэвлүүлсэн нь Санкт Петербургийн Их сургуулийн дорно дахины салбарын монгол хэлний мэргэжлийн профессор багш, оюутны ширээний ном болжээ. 1960-аад оны сүүлчээр энэ номыг академич Г.Лувсанцэрэн монгол хэлээр орчуулж хэвлүүлсэн билээ.  Монгол хэлний Хүрээний халх аман аялгууг судалсан Г.И.Рамстедтын энэ зохиолын орчуулгын төгсгөлд академич Б.Ринчен: “Орчин үеийн монголын судлал, Г.Рамстедтын анх шинэ сургаал үүсгэж байсан үеэс машид давшин хөгжсөн боловч, монгол хэл аялгууны тухай судлан шинжилсэн зохиол нь монгол хэлбичиг, монгол утга зохиол судлал зэргийг оролдогч хүний даруй үзэн туулж, судлан мэдвэл зохих бүтээл хэвээрээ байна. Түүгээр ч үл барам монгол хэлний нутгийн аялгууг бичгийн хэлтэй харьцуулсан судалгааны эхлэл болсон, монгол хэлний нутгийн аялгууны судлалд шинэ үе нээсэн энэ зохиол гарсны дараа монгол хэлний судалгаа эрчимжиж монгол хэлний түүхэн харьцуулах судалгаа өрнөв” 3 гэжээ.

ШАЛДАН ХҮҮХЭН ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ "МИСС" ХЭМЭЭМҮЙ


Уг нийтлэлийг бичигч миний бие, бусдын нэгэн адил “мисс” гэдэг сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг үзэж, урлаг болоод гоо сайхны таашаал авдаг нэгэн гэдгээ юуны өмнө өчсүү. Монголчууд хэзээнээс хацар гуа охид бүсгүйчүүдээрээ алдартай. Гэвч эдүгээ шиг олны өмнө гаргаж, бие хаа, царай зүсийг нь байцааж байсан нь юу л бол. Одоо ам, алцай хоёрыг нь ангайлгаж үзэхээс бусдыг нь шалгаж байна. Яг л сайн угсааны мал шалгаруулж байгаа аятай.
Цаашлаад Дархан, Эрдэнэт, улс, аймаг, Ази, наашлаад аймаг дүүрэг, сум хороо хүртэл бараг нэг мисстэй (хараахан дэлхийн мисс л манайхаас тодроогүй байна) Монгол шиг оронд оюуны төвшин (IQ), гадаад хэлний боловсрол зэргийг шалгаж, шаардах нь зөв болов уу гэж мунхаглана. Заримд нь энэ утгагүй санагдаж болох юм. “Царай зүс, бие хааг нь шалгаруулж байгаа болохоос, ухааныг нь шалгаруулж байгаа юм уу, гоо үзэсгэлэнд мэдлэг энээ тэрээ ямар падлий байна, тийм л юм бол ухаалаг эмэгтэй шалгаруулах тэмцээн зохиох хэрэгтэй. Тэгвэл хамгийн царай муутай нь шалгарна. Угаасаа ухаан, царай хоёр чинь урвуу хамааралтай байдаг юм” гэж ярьж байсан нэлээд хүнийг би мэднэ.