Уг нийтлэлийг бичигч миний бие, бусдын нэгэн адил “мисс” гэдэг сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг үзэж, урлаг болоод гоо сайхны таашаал авдаг нэгэн гэдгээ юуны өмнө өчсүү. Монголчууд хэзээнээс хацар гуа охид бүсгүйчүүдээрээ алдартай. Гэвч эдүгээ шиг олны өмнө гаргаж, бие хаа, царай зүсийг нь байцааж байсан нь юу л бол. Одоо ам, алцай хоёрыг нь ангайлгаж үзэхээс бусдыг нь шалгаж байна. Яг л сайн угсааны мал шалгаруулж байгаа аятай.
Цаашлаад Дархан, Эрдэнэт, улс, аймаг, Ази, наашлаад аймаг дүүрэг, сум хороо хүртэл бараг нэг мисстэй (хараахан дэлхийн мисс л манайхаас тодроогүй байна) Монгол шиг оронд оюуны төвшин (IQ), гадаад хэлний боловсрол зэргийг шалгаж, шаардах нь зөв болов уу гэж мунхаглана. Заримд нь энэ утгагүй санагдаж болох юм. “Царай зүс, бие хааг нь шалгаруулж байгаа болохоос, ухааныг нь шалгаруулж байгаа юм уу, гоо үзэсгэлэнд мэдлэг энээ тэрээ ямар падлий байна, тийм л юм бол ухаалаг эмэгтэй шалгаруулах тэмцээн зохиох хэрэгтэй. Тэгвэл хамгийн царай муутай нь шалгарна. Угаасаа ухаан, царай хоёр чинь урвуу хамааралтай байдаг юм” гэж ярьж байсан нэлээд хүнийг би мэднэ.