Сүүлийн үед “монгол хэл мөхлөө, монгол хэл мөхөж байна” гэж ярих хүмүүс ихэслээ. Нэг хэсэг нь мөхөх ёстой гэсэн бат итгэлтэй болчихсон, нөгөө зарим нь эх хэлээ мөхөж буй хэлний тоонд өөрийн дураар багтаачихсан явах юм. Уг нийтлэлийг бичигч миний бие, монгол хэл мөхөж буй хэл биш, мөхөх ч ёсгүй гэсэн бат итгэлтэй явдаг нэгэн. Монгол Алтай нуруунаас Соёлз уул хүртэл, Их Саяны нуруунаас Орвог хошууны Бор толгой хүртэлх энэ нутаг дэвсгэрт би халх, буриад, ойрад, өвөрлөгч, хөгшин, залуу хэнтэй ч монгол хэлээрээ ярина, ойлголцоно. Хилийн цаана суугаа монголчууд болох халимаг, буриад, өмнөд монголчуудтай ч төвөггүй хэл нэвтэрнэ.
Түүнчлэн үндэсний хэл, бичгийн хичээлийг Монгол улсын бүх шатны боловсролын байгууллагад албан ёсны хөтөлбөрт хичээл болгон заасаар ирж, заасаар ч байна. Улсын хэмжээнд жилд 800 орчим монгол хэлний багш мэргэжилтэн шинээр бэлтгэгдэн гардаг гэсэн мэдээ байна. Эдгээр нь монгол хэл мөхөж буй хэл биш гэдгийн хангалттай баримт болно. Гэвч “мөхөх болоогүй ээ, мөхөх ёсгүй” гээд назгайраад сууж бас болохгүй. Өнөөдөр дэлхий дээр хэдэн зуун хэл мөхсөн, хэдэн зуун хэл хэзээ мөдгүй мартагдах мөхлийн ирмэгт тулаад байна. Төрөлх монгол хэлээ ийм эмгэнэлт байдалд оруулчихгүйн тулд бид одооноос дор бүрнээ хичээж, өөрийн чадах зүйлээ хийх ёстой. Тиймээс судлаач хүний хувьд дэлхийн эх хэлний өдрийг угтан эл нийтлэлийг бичиж буй нь энэ ээ.
Хайртай дотно хүнтэйгээ харь хэлний мөс шиг хүйтэн үгээр ярихгүй байхад л таны зүгээс эх хэлээ хамгаалах үйлсэд оруулж буй том хувь нэмэр. Монгол хүн таны үүрэг. Ер нь хэл соёлоо хамгаална гэдэг хэдэн мэргэжлийн хүнд хамаатай зүйл биш юм. Ард нийтээрээ англиар яриад эхэлбэл мэргэжлийн хэдэн судлаач яаж ч хэлж, бичээд нэмэргүй.
Монгол хэл түүхийн нугачааг яаж туулж ирсэн тэр янзаараа л хөгжсөөр байна. Харин бусад төрөл хэлнүүдэд мөхлийн аюул заналхийлээд эхэлжээ. ЮНЕСКО-гоос монгол овгийн хэлний нэгэн том төлөөлөгч болох буриад хэлийг мөхлийн ирмэгт тулсан, ойрын 10 жилийн дотор мөхөх магадлалтай хэл гэж зарлалаа. Тодруулбал Байгал нуурын орчим нутагладаг буриадуудын хэл аялгуу. Орос, Хятад зэрэг их гүрний доторх жижиг үндэстнүүд хэл, соёлоо мартаж л байвал тухайн улсад ашигтай. Мартуулахын тулд тусгай бодлого хэрэгжүүлдэг. Үүний хорыг үндэсний цөөнхүүд л амсана. Хятадын дахь монгол угсаатнаас эх хэл, соёлоо алдан, үндэс угсаагаа мартсан нь цөөнгүй. Хилийн хойно нутаглах буриадууд ч Орост ууссаар л байна.
Энэ бүс нутгийн залуус хэлээ мартаж, цэцэрлэг, сургууль орос хэлээр хичээллэж байгаа нь буриад хэл мөхлийн ирмэгт тулж ирээд байгааг гэрчилнэ. Гэвч мөхөж буй хэлээр бүртгэгдсэн хэл заавал мөхөх албагүй. Тухайн улс орон, тэр хэлээр хэлэлцдэг хүн ардаас шууд хамаардаг зүйл. Хэлээ мөхөөхгүй байхын тулд манай буриадууд их ажил хийх болов уу гэж дэмий л горьдоно. Аливаа юмыг эзэн хүн өөрөө л өөд нь татаж авахгүй бол өрөөл бусад туслах нь үгүй. Саяхан Б.Занданхүүгийн бичсэн “Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана” хэмээх Хэнаны монголчуудын тухай бичсэн замын тэмдэглэлийг уншлаа. Түүнд монголчууд түвдүүдтэй муудалцахаараа “Би үхсэн ч үлдэх улс оронтой хүн. Эх орон чинь та нараар дуусаж байгаа шүү, урт наслаарай гэдэг” гэж бичжээ. Хэнаны монголчууд эх хэлээ мартсан ч ард нь хилийн цаана “Монгол” гэдэг орон, монгол хэлээр ярьдаг бид байгаа учраас ядаж л санаа амар байна. Дэлхийн монгол үндэстний цөм нь болсон бидэнд их үүрэг хариуцлага оногдож байна. Түвдүүдийн хувьд эх орон, эх хэлээ тэд өөрсдөө л хамгаалж авч үлдэх ёстой. Эс чадваас тухайн хэлээр ярьдаг сүүлийн унаган хэлтэн нас эцэслэхэд тэдний хэл аялгуу нь ч хамт мөхдөг эмгэнэлт явдал дэлхийн хэлний түүхэнд арвин байна. Зуу хүрэхгүй хүн ярьдаг, энэ зуун хүний ихэнхийнх нь нас зуугийн талаас хэвийсэн бол эх хэлээрээ хэдэн жил ярихын тулд ядаж л урт наслах хэрэгтэй.
Нийгэм соёлын байдал, улс гүрний хэлний бодлогын сулрал, нийгэмд гарсан томоохон өөрчлөлтийг дагаж харь хэлний үг хэллэг тухайн улсын хэлэнд ихээр нэвтэрдэг. Монгол хэлэнд орсон гадаад үг, нэр томьёоны нэг хэсэг нь монгол хэлний авианы дотоод зүй тогтлын дагуу монголжиж, нөгөө хэсэг нь тэр хэвээрээ хэрэглэгдсээр байна. Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаа, техник технологийн хөгжлийг даган харь үг хэллэг монгол хэлэнд ихээр орж байна. Энэ байдлаараа үргэлжилсээр байвал хэдхэн зууны дараа үйл үгээс бусад нэр үгс нь харь үг болж, түүний хамтаар үйл үг нь харь цээжтэй монгол бөгстэй эрлийз үгээр солигдож эхэлнэ. Өнөөдөр ч бид “интернетэд чатлах” гэх мэтээр ярьж, бичих болсон нь энэ аюул хол биш байгааг харуулна. “Бонустай худалдаа”, “сэйл зарлах”, “шоппинг хийх”, “элит”, “имиж”, “лизинг”, “дизайн” “ресторан”, “артист”, “такс”, гэх мэтээр бидэнд хэдийнээ дасал болсон харь хэлний үгс. “Бонус”, “сэйл”, “шоппинг”, “элит”, “имиж”, “лизинг”–д шахагдан гадуурхагдсан “бэлэг”, “хямдрал”, “худалдаа”, “сэхээтэн”, “төрх”, “зээл” зэрэг монгол үг. Энэ мэтчилэнгээр монгол хэл харь хэлний хүчирхийлэлд өртөөд эхэллээ. Монгол хэлний тайлбар толь таван ботийг Хэл зохиолын хүрээлэнгээс хэвлүүлсэн. Гэтэл 1990-ээд оноос хойш монгол хэлэнд нэвтэрсэн, түгээмэл хэрэглэгддэг харь үгийн толь бичиг хоёр, гурван ботиор хэвлэгдэн гараад байна. Энэ толь бичигт мэдээж хорь гучхан үг ороогүй нь лавтай. Наанадаж хоёр, гурван мянган толгой үг багтана. Үүнийг монгол үгээр оноох орчуулах ажлыг хийцгээе.
Харь үг хэллэгийг зээлдэн хэрэглэх хоёр тохиолдол байдаг. Нэгдүгээрт, тухайн ухагдахууныг тэмдэглэх эх хэлний боломж байвч шинжлэх ухааны мэдээлэлд олон улсын дундын чанартай хэрэглэж хэвшсэн нэр томьёог, хоёрдугаарт харь үгээр илэрхийлсэн ухагдахууныг тэмдэглэх эх хэлний боломж байхгүй үед л зээлдэн хэрэглэдэг. Бусад тохиолдолд тохирох монгол үгээр оноон хэрэглэнэ гэсэн үг. Ерөөс хэрэглэж хэвшсэн монгол үг байсаар байтал оронд нь гадаад үг авч хэрэглэх тохиолдол элбэг байна. Үүнийг хоосон чамирхал гэхээс өөр юу гэхэв.
Бид шинжлэх ухаан, технологийн нэр томьёо байтугай бие засах газрынхаа нэрийг ч монголоор хэлж, нэрлэж чадахаа больсон юм уу даа гэж бодогддог. Саяхан нэг нэвтрүүлгээр “city toilet” гэсэн англи хаягтай байшингийн дэргэдүүр өнгөрөх хүмүүсээс “энэ юу вэ?” гэж сурвалжлагч асуухад мэдэх хүн нэг ч гарсангүй (асуудал хөндөхийн тулд зарим хүний яриаг зориуд хассан байх). Нийслэлчүүдэд зориулж нийтийн бие засах газруудыг Хотын захирагчийн алба ноднин жилээс барьж эхэлсэн. “Байгууллагын хаяг нэрийг заавал монголоор бичнэ” гэсэн захирамж гаргаж байсан Хотын захирагчийн алба тэр захирамжаа хэрэгжүүлэхийн оронд өөрөө зөрчиж байна. Гаднынханд зориулсан бол таних тэмдэг, эсвэл монгол хаягны доор англиар жижигхээн биччихэд цаадуул чинь олоод л орчихно. Эх хэлний хуульд ч тийм заалт бий.
(Зуун айлын замын уулзвар дахь тэмдэг) |
Монголчууд “бие засах”-ыг “гадаалах”, “мөр үзэх”, “морь харах” гэх мэтчилэн хэдэн янзаар хэлдэг. Үүн дээр орчин үеийн этгээд үг хэллэгийг нэмчихвэл багагүй тоо гарна. Гал тогооны өрөө гэдэг шиг угаалтууртайг нь ариун цэврийн, суултууртайг нь бие засах өрөө гэж ярьдаг ч ихэвчлэн жорлон, нойл гэсэн орос үг хэрэглэн ярьсаар байна. Бие засах газрыг “урсгуур” гэж нэрлэх санал байдаг, яагаад болохгүй гэж. Жорлонгоос л хавьгүй дээр. Морь харах газар гэж нэрлэсэн ч болно. Морь харах нь монгол ахуйгаас урган гарсан уламжлалт үг. Энэ мэтчилэнгээр монгол хэлэнд аливаа ухагдахууныг нэрлэх үгийн баялаг нөөц бий. Түүнээс чухам оносон зөв үг хэллэгийг нь сонгон хэрэглэж хэвшье.
Гудамжинд бие засах газар байхгүй, байгаа хэд нь гадаад хаягтай. Монголчууд бид одоохондоо бүгд англи хэл сурчихаагүй байна. Хаяг нэр нь гадаад хэлээр байгаагаас зарим хүн уншиж мэддэггүй. Ингээд хүмүүс гудамжинд “гадаалж”, булан тохойд “өтгөн, шингэн мөр үзэж”, ил задгай “морь харна”. Өтгөн, шингэн мөр нь гудамж талбай бохирдуулна. Нойл, жорлон, тойлет нь хэл бохирдуулна.
Гадаад хэл сурч, гаднын соёлоос суралцах хэрэгтэй. Гадаад хэлгүйгээр орчин цагийн амьдрал, хөгжлийн хэмнэлтэй хөл нийлүүлэн алхах тухай яриад ч хэрэггүй. Тэр дундаа англи хэл. Даяаршиж буй энэ дэлхийд англи хэл бүх нийтийн хэл болж байна. Англи хэлийг гадарладаг байхад та дэлхийн хаана ч “шөлөө авч идээд, нойлоо олоод морь харчихна”. Шинэ мэдлэг, мэдээллийг цаг алдахгүй авах, гаднын хүмүүстэй харьцахын тулд гадаад хэл сайн сур. Гэхдээ би л гадаад хэлтэй, их мэдлэгтэй гэдгээ гайхуулах гэж монгол, англи хольж ярих хэрэггүй. Эсвэл хөөрхий тэд үнэхээр монгол үгийг нь мэддэггүй юм болов уу?
“УИХ хурлын дарга” гэж нэрлээд хэвшчихсэнийг “ноён спикер”, “хотын дарга”-ыг “хотын мэр” гээд л дарга нараа харь үгээр өргөмжлөөд эхэлнэ. Нөгөө баруун монголоороо бахархан ярьдаг Ц.Нямдорж гуай хүртэл “Би анхны хуульч спикер учир хууль засах эрхтэй” гэсэн шүү юм яриад сууж байдаг. Анхны хайр “киноны дуу” Би чамд хайртай гэж ярьж болоод байсныг сүүлийн үед залуус “саунд трак” гэж яриад хэвшчихлээ. Ингэж монгол, англи хольж ярьж, бичдэг хүмүүсийн нэлээн дээгүүр байрт сэтгүүлчид явна. Сэтгүүлчдийн үг олон нийтэд шууд хүрдэг учраас сонин сэтгүүлийн хянагчид үүнд маш хариуцлагатай хандвал зохино.
Та гадаадад гурав дөрвөн жил амьдарсан байж болно, гадаад хэлний гурав дөрвөн дээд сургууль дүүргэсэн байж бас болно. Гэхдээ хоосон чамирхах хэрэггүй. Магадгүй гурав дөрөвдүгээр ангийн хүүхэд яс юманд дээрээ танаас илүү тэр гадаад хэлээр чинь ярих байх шүү одоо цагт. Нэг үе монголчууд утас, машинаараа өрсөлддөг байлаа. Одоо ч зарим нь өрсөлдсөөр л. Хэсэг хугацааны дараа утас, машиныг зүгээр нэг хэрэгцээ гэдгийг ихэнх нь ойлгосон. Англи хэл ч үүнтэй яг адилхан. Таны ажил, амьдралд гадаад хэл чухал бол сурах л хэрэгтэй. Хэл бол зүгээр л хэрэгцээ.
Эцэст нь хэлэхэд төр засгаас Монголд ирж хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гадаадынхнаас монгол хэлний шалгалт авч яагаад болохгүй гэж. Монголчууд Солонгос руу ажиллахаар явахдаа солонгос хэлний шалгалт өгдөг биз дээ. Монголд аж ахуй, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй тэд монгол хэл сураг. Toefl, JLPT (япон хэлний түвшин тогтоох шалгалт) шиг монгол хэлний түвшин тогтоох шалгалттай больё. Их дээд сургуульд элсэхэд, ажил албанд орохдоо монгол хэлний түвшин тогтоох шалгалтаа заавал өгдөг больё. Гаднынхан Монголд монголоор яриг. Гадаа гудамжаар дүүрэн байгаа албан газрын англи, хятад хаягийг сольё. Эх орондоо бид эх хэлээрээ ярьж, бичье.
Gangbaa
2012-02-21
Дэлхийн эх хэлний өдөр
Suuliin sanaliig tani demjij baina, Eh helnii tuhai huuliig heregjuuleh heregtei baina. Bicheed baigaarai.
ReplyDeleteBayrlalaa.
ReplyDeleteСанал нэг байна.
ReplyDelete