Би алдарт Роберт Земекисийн “Форрест Гамп” хэмээх кинонд дуртай. Кинон дээр миний хайртай баатрыг хүмүүс хамгийн тэнэг хүн гэлцдэг. Харин Гампын ээж нь хүүдээ: “Тэнэг хүн гэж тэнэг зүйл хийдэг хүнийг л хэлдэг юм” хэмээн тайвшруулдаг. Тэр тэнэг гэгддэг хүн маань үнэхээр тэнэг зүйл хийдэг бил үү? Ингээд бодохоор тэр нээрээ л тэнэг хүн биш.
Манай монголд “Гамп” нэртэй нийтлэлч бас бий. Түүний хөндөж буй сэдэв, бичлэгийн өнцөг, ёгтлол зэрэг нь надад үнэхээр таалагддаг. Ер нь Гампыг би танихгүй, Гамп намайг бүр ч танихгүй. Түүнийг би үзэн яддаггүй, бас хайрладаг ч үгүй. Бичсэн нийтлэлүүдийг нь хаяа нэг уншдаг. Заримдаа Баабар лаг уу, Гамп лаг уу гэдэг дээр эргэлзэх үе ч гардаг. Уншигчдын зарим нь түүнийг шүүмжилдэг, тэр үнэхээр шүүмжлүүлэхээр тэнэг зүйл хийдэг юм болов уу?
Нийтлэлч Гамп ярианы хэлээр, зөв бичих дүрмийг хайхрахгүйгээр зөвхөн өөрийнхөө хүссэнээрээ л бичдэг. Түүнийг нь яг “ярианы хэл” гэхэд хэцүү. Би хувьдаа бичлэгийн төрлийг нь оноож чадсангүй. Тэгэхээр зүгээр л “Гампын гажиг хэл” гээд нэрлэчихье. “Гажиг хэл” болоод “Гамп” нэр нь түүний имиж болж, уншигчдыг өдрөөс өдөрт өөртөө татсаар л байна. Блогийн нийтлэлч маань Монголын томоохон сонин, сэтгүүлийн талбар дээр хурдаа үзэж, хүчээ сориод эхэллээ. Гамп гараанаас ганцаараа гарсан. Харин өнөөдөр тэр ганцаараа биш, өөрийнх нь хэв маягаар бичдэг нэлээд “шавьтай”, хорь гучаар тогтохгүй “хөгжөөн дэмжигчтэй” болжээ.
Гампын гажиг хэлээ гэж. Мэдээж гажиг хэлээрээ бичиж бололгүй яахав. Тэр бол хүний эрх. Гэхдээ тодорхой хүрээндээ. Гампын бичлэг хачин гоё санагддаг хориод насныхан блогоос нь уншиж байг. Харин найз аа, хоёр сая монголчууддаа зориулж бичсэн нийтлэлээ эл хэлээрээ бичиж болохгүй ээ. Долоон настнаас дээших нь таныг дуурайж, далаад оныхноос дээших нь таныг үл ойлгоно. Гаднынхан бол бүр ч ойлгохгүй. Зүйрлэж хэлбэл кинон дээр дайны талбараас “хүн авардаг” Гамп маань монголын сэтгүүлзүйд “хэл алдаг” Гамп болон хувирчээ.
Хэл бол тогтолцоо юм. Тогтсон тогтолцоо учраас л бид харилцаж, ойлголцож чаддаг. Бичгийн хэл ч мөн адил. Ирстраанд, гоя, гэхчивлээ, лаангвийч, алгоо, бодийшд... гэх мэт гажиг хэлний хачин үгсийг монгол хэлний хамгийн зузаан толиноос ч та хайгаад олохгүй. Ингэж хүн бүр дураараа бичээд эхэлбэл бичгийн хэл харилцааны хэрэглүүр болж чадахгүйд хүрнэ. Нөгөө талаар хүчтэй мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгаагийнхаа хувьд бүх нийтийн бичиг үсгийн боловсролд буруу үлгэр дууриал үзүүлж байна. Ярихдаа ярианы хэлээрээ ярьж, бичихдээ бичгийн хэлээрээ бичих нь хамгийн зөв зам. Үүний тулд л ярианы хэл, бичгийн хэл, зөв дуудах, зөв бичих хэм хэмжээ гэдэг зүйлс байдаг. Ердөө л ярьж байгаа шигээ дур дураараа бичээд байвал нөгөө толгойны өвчин болсон “зөв бичгийн дүрэм” гэдэг зүйл огт хэрэг үгүй.
Гампад “гажиг хэлээр”-ээ бичих нь бичгийн хэлний “баригдмал” байдлаас ангижирч, сэтгэл хөдлөлөө бичгээр чөлөөтэй илэрхийлэхэд төхөмтэй байдаг юм шиг. Энэ нь түүний гажиг хэлний давуу тал байж болох юм. Гэвч бидний монголчууд цөөн боловч лавтай мянга гаруй жилийн бичиг үсгийн цадигтай, хэдэн мянганы түүхтэй ард түмэн. Манай мэргэд бичгийн хэлээр уран тансаг найруулан бичсээр ирсэн, бичсээр ч байна.
Гамп найз аа, гажиг хэлээ засаад үз. Хориод насныхан, хоёр гурван шавь чинь гомдож, бусад нь дэмжинэ. Нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг монгол бичгийн хэлний хэм хэмжээнд нийцүүлэн, уран яруу дүрслэлээр хуучин “Гамп загвараараа” ёгтлон бичээд эхэлбэл өмнөхөөсөө ч илүү амжилтад хүрэх юм билүү, хэн мэдлээ. “Амьдрал бол яг хайрцагтай шоколад гэсэн үг, дотор нь юу байгааг хэзээ ч мэдэхгүй” гэж жинхэнэ Гампын ээж хүүдээ хэлдэг. Түүн шиг гажиг хэлээ засаад үзвэл амьдрал бас чамд өөр зүйл өгөх ч юм билүү хэн мэдэх вэ?
Gangbaa (“Үндэстний тойм” сэтгүүл. 2012.05.14)
No comments:
Post a Comment
gangbaatar@gmail.com