(Л.Бумандорж – Нүүдэл) |
Өнөөдрийн Монголд нэн тэргүүнд төрөөс анхаарч, даруй шийдэх нэг асуудал бол Хот уруу чиглэсэн их нүүдэл. Хорин нэгдүгээр зууны монголчууд нүүдлийн амьдралаас суугуулыг нь илүүд үзэх аж. Уургаа мяндасаар, унадгаа төмрөөр сольж, хотондохоо нядалж хот уруу ачина. Уулын мухарт жалгын ганц явахаар хот орж түмний нэг больё хэмээн улсынхаа нийслэл хот руу тэмүүлнэ.
Их санасан газар ёсон шөнө гэгчийн үлгэрээр хот орж хүний дайтай амьдаръя гэсэн тэднийг бодит байдал санаснаас эсрэгээрээ угтах нь тэр. Улсынх нь Нийслэл агаар биш угаараар, ус биш сувсаар дайлж, зарим нэгийг нь ажилчин биш архичин, мөнгөтэй биш лонхтой, хүн биш сүг болгож хувирна...
Нэгэнт тургидгаа зуданд үхүүлж, туудгаа сүүлгүйд хөөлгөж, үлдсэнийг нь зараад ирсэн тэд эргээд нутагтаа буцалтай биш. Хэн нэгнийхээ хашаанд, эсвэл жалгын ам, судгийн хоолойд дураараа буучихна. Буухгүй ч гээд яах билээ. Зуны устай ганц бороог аргалаад өнгөрөөчихвөл энэ бүх юмандаа ойр. Хотын захад газар аваад амьдаръя гэхээр гэрэл тог, зам харгуй, сургууль цэцэрлэг тэнд нь байхгүй. Ядаж л тийшээ автобус ч явахгүй.
Ингээд утаанд угаар, хогонд буртаг нэмэх хорин нэгдүгээр зууны нэн шинэ, соёлт иргэнээр ИХ ХОТ бүл нэмнэ. Хоёрхон сая хүний ихэнх нь “Хүн чулууны хонхорт” шавааралдана. Харин хангай говь, хээр тал нутаг минь эзгүйрнэ.
Gangbaa, 2011-02-10.
Gangbaa, 2011-02-10.
No comments:
Post a Comment
gangbaatar@gmail.com