БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Thursday, July 26, 2012

МОНГОЛ ГЭРИЙН ЭД ХЭРЭГЛЭЛ, ТҮҮНИЙ БЭЛГЭДЭЛ

Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр", "Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульгүй, хөөмийгүй үлдсэн монголчууд дээлгүй болохдоо тулав" хэмээн сэтгүүлч, яруу найрагч Эмүжин нэгэн нийтлэлдээ бичжээ. Хужаа (угтаа монголчууд бид өвөр монголчуудыг хужаа гэдэг) хэмээх өвөрлөгчид өөрийгөө бүрмөсөн алдаж, эх түүх, Эзэн Чингис, эдийн болон оюуны соёлоо элэг нэгтнээсээ хулгайлан, Хятадынх гэж овоглуулахын төлөө улайран зүтгэж байна. Монголчууд бид "хээрийн нохой өлзийтэй, хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой аюул дагуулна" хэмээдэг. Хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой болох Өвөр монголчууд одоо Монгол наадам, Монгол дээл, Монгол бичгийг минь хүртэл хятадын нэр дээр бүртгүүлэхээр гүйцгээж байна. 

Төв Азийн цээжинд ээтэн гутлаараа тамгалж, эсгий туургат гэртээ амьдарч дэлхийн талыг багтаасан Их Гүрэн байгуулж явсан ард түмний үр сад. Өдгөө биднийг эсгий туургат хэмээн овоглодог  "Монгол гэр"-ийг минь хүртэл хятадууд ЮНЕСКО-д өөрийн нэрээр бүртгүүлэхээр  материал цуглуулж эхэлсэн тухай чих дэлдэх боллоо.Бид өөрийн соёлоо бусдаас хамгаалж чадна. Хамгаалахын тулд соёл, зан заншил, ахуй амьдралаа сайн мэддэг байх ёстой. Тиймээс энд Монгол гэрийн талаар багахан зүйл орууллаа.
Нүүдэлчин монголчуудын эдийн соёлын нэг үндсэн хэсэг нь тэдний сууц, орон гэр мөн. Байнгын хэрэглээний орон гэр, түр хэрэглээний оромжийн үндсэн бүрэлдэхүүн нь тооно, хаалга, хана, уни, багана болно. Гэрийн энэхүү эд ангийг монголчууд гэрийн модгэдэг. Гэрийн тооно, хаалга, хана, унины хийц, хэлбэр хэмжээг зөв тохируулан бүтээх нь монгол гэрийг эзэмших монгол угсаатан, овогтны оюуны ба эдийн том соёл мөн.
Монголчуудын гэр сууц нь эртний уламжлалтай бөгөөд хөгжлийн олон үе шатыг туулан өнөөгийн хэлбэрийг олжээ. Монгол гэрийн доторхийг хоймор, үүд, эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс, зай талбайн журмыг тогтоосон хэв ёс болно. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Гал голомт буюу галын өр нь ертөнцийн төв, газрын өр байдлаар төсөөлөгдөх болжээ. Доктор С.Дуламын “Монгол домог зүйн дүр” ном өгүүлснээр “... газрын өр гэдэг бол газар дэлхий гэж юу ч үгүй байхад, ертөнцийн үүслийн монгол домогт түгээмэл гардагчлан сансрын далай цалгилж байхад анх ил гарсан хэсэгхэн газар, анх хатуурч бэхэжсэн дөрвөлжин өр байна. ...энэ өрнөөс бүх газар дэлхий дөрвөн зүг найман зохист тэлж дэлхсэн учраас ийнхүү “галын өр” буюу тив дэлхийн төв гол болсон учиртай”[1] гэжээ. Галын өрийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдгаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон байна. Гал голомт, галын өрөөс гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган бэлгэдэх гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв соёл болно.
Монгол гэрийн бүхий л зүйл монголчуудын зан заншилтай холбогдох бөгөөд энэ нь цаанаа ямар нэгэн бэлгэдэлт утга агуулдаг байна. Гэрт орохоос эхлээд монгол ахуй амьдралын онцлогийг харж болно. Гэрт орж байгаа хүн баруун хөлөөрөө эхэлж орох ёстой бөгөөдөр нэхэх, хэл ам, хэрүүл тэмцэл хийх хүн зүүн хөлөөрөө ордог байна. Халх, ойрад, буриад, өмнөд монголчууд гэрийн эсгий үүдийг зөв талаас нь зөв гараараа сөхөж гэртээ орно. Харин хасагууд гэрийнхээ эсгий үүдийг буруу талаас нь солгой гараараа сөхөж гэртээ ордог байна.
Монгол улсын Алтай урианхайчууд гэрийн баруун, зүүн тэрэмтэй холбож бэхэлдэг амгай модыг эргэнэ гэнэ. Эргэнэ рүү унжуулсан ширмэл эсгий нь “эсгий үүд” болно.  Ширмэл эсгий үүднийхээ голд улаан өнгийн цэмбээр чагт (+) тэмдэг ширдэг байна. Мөн цагаан өнгийн даавуун дээр ногоон өнгийн угалзан тэмдэг оёдог. Ширмэл үүдний захаар эсрэг эрчтэй нарийн хар дээсээр хөвөөлдөг нь үүд хаалгаар гэрт муу зүйл орох, өвчин зовлон тусахаас хамгаалсан “дом” бэлгэдлийн утгатай гэнэ. Мянгад ястны гэрийн эсгий үүд нь хөх өнгөтэй байдаг нь тэнгэрийн үл үүдэх, үл устах цагийн гадуурх “мөнх” шинжийг бэлгэдэн аливаа сав, шим, хүмүүний улирал хувьсалд үл алдах шинжийг энэ өнгөөр тохиолон бэлгэддэгтэй холбоотой байна.   
Монгол гэрийн үүд хаалгыг өрх гэрт буян хишиг оруулах утгаар хүний ам байдлаар төсөөлөн бэлгэддэг байна. Гэрийн үүдийг шовх хадан хясаа, уулын ам, хөндий жалга харуулан барихыг цээрлэдэг. Сэт оноо тааруулж баривал хүн малын гарзтай гэж үздэг байна. Гэрийн үүдийг уулын ар, тэгш талыг тааруулж барьдаг уламжлалтай. Үүнтэй зэрэгцэн босго, тогтогны бэлгэдэл гарч ирнэ. Болгон дээр суух, гишгэхийг “үүд багалзуурдаад” гэж хөгшчүүл машид цээрлэдэг. Энэ нь эрт цагт гэрийн эзний багалзуурт хүрэх гэсэн утга байснаас өдгөө хүний гарз гарах гэсэн утгатай болсон бололтой[2].
Эсгий үүдтэн монгол хүмүүсийн амьдран суух орон гэрийг ялгаруулах угсаатны ялгаа олон байдаг. Тиймээс монгол гэрийг халх, ойрад, буриад, өмнөд монгол, хасаг гэр хэмээн ялгаж болно.
Тооно нь гэрийн орон зай ихэсгэх, багасгах, гэрт гэрэл гэгээ орох, гэрийн модны бүтэц, тогтолцоог урлан бүтээхэд их үүрэгтэй. Тооныг монголын тоонолжин буюу чагт тэмдэгтэй холбон хэлэлцэж болно. Монгол гэрт гэрэл гэгээ оруулж, утаа уурыг гаргах, унь тогтоох голдоо хөндлөн гулд чагт тэмдэгтэй дугуй цагираг хүрээг тооно гэнэ. Тооныг ойрад монголын дөрвөд, баядад хараач, өөлд, торгууд, урианхай, захчинд гараац гэдэг. Хараач нь од, эрхэс, гэгээ гэрэл, гэгээн тэнгэрийн оронг нүдээр үзэх qaraqu, qarabci, qaraci-тай нэг язгууртай. Гараац, гараадсан нь нүүдэлчдийн задгай гал, голомтын утаа, цай идээний дээж уур гэр дотроос гадагшлах, гарах гэдэг үгтэй нэг язгууртай байж болно. Баяд, дөрвөдөд хар, харахаас хараач, захчин, торгуудад гар, гарахаас гараач болжээ. Хэлний талаас нь тайлбарлавал ийм байна.
Монгол гэрийн тооныг гэрийн ерөөлд:
Нарны гэрлийг нааш оруулагч
Галын гэрлийг гадгаш дэлгэрүүлэгч
хэмээн нь тооныг гэрийн нар буюу нарны гэрлийг гэрт дэлгэрүүлэгч гэж үздэгээс үүдэлтэй байна. Мөн:
...Хотлын онь болсон
Хорол сайхан тоонотой...
....Биндэрьяагийн алтан хорол мэт
Бат бэх тоонотой юм...
гэх мэтээр гардаг нь монгол гэрийг найман тахилаар бэлгэдэх ёс буюу бурхны шашин монголд дэлгэрсэн цагаас хойш зохиогдсон байна.  
Монгол гэрийн тооныг нараар төлөөлүүлэн улаан, улбар шар өнгөөр дүрсэлсэн нь нарны бэлгэдэлтэй холбоотой юм. Тооныг нараар төлөөлүүлэн бэлгэдэхийн улмаас гэрийн унийг нарны цацрагбайдлаар төсөөлөх болжээ. Энэ нь монгол гэрийн ерөөлд:
...Найман зүгт сацарсан
Нарны туяаг дүрсэлсэн
Нарийн бургасан уньтай ...
хэмээн ерөөдөг билээ.
Доктор Г.Нандинбилэг “...монгол хүн гэр өргөөнийхөө орон зайг орчлон ертөнцийн бичил орон зайгаар төсөөлдөг байна. Галын өрөөс дөрвөн зүг, найман зохист тэгш хэмээр алслан ханыг нар зөв дугуйлж, монгол гэрийн өргөн буюу гэрийн багтаамж тодорхойлогдох ба эндээс монгол хүний ертөнцийн хавтгай хэмжээсийн тухай төсөөлөл эхэлдэг гэж болно. Харин баганын өндрөөр гэрийн өндөр тодорхойлогдох  бөгөөд эндээс ертөнцийн босоо хэмжээсийн тухай төсөөлөл нь үүсэж байна” хэмээн бичсэн байна.
Өөр нэгэн зүйл бол монгол гэрийн бүтэц хэсгүүдийг хүний бие эрхтнээр төсөөлөн бэлгэдэх явдал юм. Тооно нь дээр өгүүлсэнчлэн ертөнцийн бичил загвараар нарны бэлгэдэл болж байсан бол хүний бие эрхтнээр бэлгэдэхэд толгой, тэргүүнээр төсөөлөн ойлгодог байна.   
Монголын уламжлалт ёсонд гэрийн тоонон дээгүүр алхах, гишгэхийг цээрлэдэг нь угтаа тооныг гэрийн толгой тэргүүн буюу хүний тэргүүнтэй холбон үздэгтэй холбоотой юм.
Тооно дээгүүр бүтээж нар, салхи, цас, бороо, шороо, хурц гэрэл гэгээнээс хамгаалах, мөн гэрт тусах нарны гэрэл гэгээг тохируулах зэрэг үүрэгтэй гэрийн нэгэн зүйл бүрээс бол өрх юм. Өрхийг бүтцээр нь гурвалжин, дөрвөлжин, хошуут гэж гурав ангилна.
Монголчууд гэрийн өрхийг тоононы малгай байдлаар төсөөлдөг байна. Гэрийн тооно, өрхөн дээгүүр алхах, гишгэхийг цээрлэдэг нь монголчууд малгайн дээгүүр алхвал хийморь лундаа доройтно гэж үздэгтэй нэгэн адил юм.  
Халх монголчууд ханыг шорон хана, хөлт хана, хатгуур хана, сараалжин хана, морин хана, хонин хана, хурган хана гэж ялгаж нэрлэдэг нь халх ястны нутгийн аялгууны хувилбар дуудлага юм. Шаг тэрэм, мөрөн тэрэм гэдэг нь ойрад аялгууны дуудлага болно. Монгол гэрийн ерөөлд:
Бургас модыг шилж
Буруу зөв шүлжээлсэн
Буян хишгийг хүрээлэн хийсэн
Өлзий утсан ханатай юм
хэмээн найман тахилаар бэлгэдсэн бол
Хойд хангайн бургасаар
Хувирга юугий нь хийсэн
хэмээн ханыг хүний хавиргаар төсөөлөн дүрсэлсэн байна.
Гэрийн хана, туурганы ёроол хэсгийг хаяа гэнэ. Гэрийн хаяагаар тойруулан ороох эсгий, мод зэргээр хийсэн хэрэглэл хаяавчийн халх-монгол, ойрад–монгол дуудлага нь иргэ болно. Гэрийн хаяавч, иргэний өнгө нь тухайн ястны нэгэн зүйл зан үйлийн бэлгэдлийг илэрхийлдэг байна. Ховдын мянгад ястан гэр, гал голомтоо дээдэлж хар эсгий хаяавчин тойруулгатай байдаг нь ид хав, хүчин чадал, овор жин, сүр байдал ихтэйг бэлгэдсэн утгатай байна.  
Гэрийн голд багана гал голомт байна. Гэрийн баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог гэж үздэгээс багана түших, барих ялангуяа алдлахыг цээрлэдэг заншилтай. Мөн монголчууд баганыг гэрийн зовлонг үүрч явдаг гэж үздэг учраас хүүхдийг багананы зовлон  авна гэж үздэг байна. Монголчууд баганыг ертөнцийн босоо тэнхлэг, мөн хүний хөл, тулгуур эрхтнээр төсөөлдөг байна.  
Өөр нэгэн гайхамшигтай зүйл бол монгол гэрийн хийц, хэсэглэлийг нарны цагтай уялдуулан зохиосон явдал юм. Гэрийн тооноор тусах нарны гэрлийг монголчууд нар мандах, шингэх хугацаанд хуваарилан цагаа баримжаалдаг байна. Ам дөрвөлжин хэлбэртэй өрхийг хошуулан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг нарны цагт ашиглажээ. Тухайлбал, тоононд туссан нарны гэрэл бар-туулай цаг (04-06 цаг), унийн толгойноос ханын толгой хүрэх хугацааг луу, могой цаг (06-10 цаг), гэрийн хойморт нар тусах буюу их үдийг  морин цаг (12 цаг) гэх мэтээр нэрлэдэг байжээ.  
Нарны цагтай яв цав тохирдог гэр бол 60 уньтай бага дөрвөн ханат билээ. Ийм гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүр арван хоёр жилийн амьтнаар нэрлэдэг. Хоймор талд элбэг баяны бэлгэ тэмдэг болох хулгана жил, баруун тотгоны үзүүрийн унь эр хүний хийморь цог залийг илтгэх морин жилд, зүүн тотгоны үзүүрийн унь эм хүний буян заяа сүү цагаан идээндээ гэдгийг илтгэн үхэр жилд тус тус таардаг байна. Үүнийг дүрслэн үзүүлбэл:         
Гэрт оруут баруун хаяанд эмээл хазаар, ногт чөдөр, айрагны хөхүүр сэлтээс эрэгтэйн тал эхэлнэ. Гэрийн эзний ор, орны ар хананд ангийн буу өлгөөтэй. Хөөрөг, хэт хутаг, зодог шуудаг хусуур, ангийн үс зэрэг эр хүний нарийн нандин эдлэл хадгалдаг баруун авдар орны толгойд байна. Хөхүүр баруун талд байдаг нь эрт цагт эрчүүд гүү саадаг байсантай холбоотой гэнэ. Эрэгтэйчүүд баруун талд суудаг ба хөхүүрийн дэргэдүүр өнгөрөхдөө айраг бүлж булчингаа чангалдаг, айлдаа хүчээ өгдөг заншилтай. Гэрийн гадаа баруун урьд хан морины уяа байдаг нь үүнтэй холбоотой юм.
Гэрийн зүүн хатавчнаас эхлэх эзэгтэйн талд усны болон саалийн сав, гал тогооны эргэнэг, эзэгтэйн хувцас хийдэг орны хөлийн авдар, оёдол үйлийн ба гоо сайхны хэрэгсэл зэрэг эмэгтэйн нарийн нандин зүйлсээ хийдэг орны толгойн авдар байна. Гэрийн эзэгтэйн зүү утасны авдар гэрийн гаднах үнээний зэлтэй харгалдахаар үхэр жилд таарахаар байршуулж зуршсан нь эм хүний хийморь оёдол үйл, цагаан идээнд байдаг гэсэн үзлээс улбаатай гэнээ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд монгол гэрийн бэлгэдэл нь
1.      Орчлон ертөнцийн бичил загвараар бэлгэдэх
2.      Хүний хувилбар дүрсээр бэлгэдэх
3.      Найман тахилаар бэлгэдэх гэсэн гурван зүйлийн давхар байдлаар уламжилсан байх бөгөөд үүнийг монголын аман зохиол, уламжлалт ёс заншил, гэрийн зан үйл хийгээд цээрийн ёсноос сэргээн харж болохоор байна. Монгол гэрийн язгуурын бэлгэдэл болох ертөнцийн бичил загвар байдлаар төсөөлөн бэлгэдэх нь илүү орон зайн утгыг шингээж, хүний биеийн хувилбар дүрсээр бэлгэдэх нь цаг хугацааны утгыг шингээж уламжилсан байх ажээ. Монгол гэр нь монголын эд өлгийн болон оюуны соёлын асар нандин өвийг хадгалан уламжилж ирсэн зүйл юм. Тиймээс монгол гэрийг аман зохиол, угсаатны судлал, хэл шинжлэлийн үүднээс илүү нарийвчлан судлах шаардлагатай байна.

[1] С.Дулам. Монгол домог зүйн дүр. Уб., 1989:135.
[2] Г.Нандинбилиг. Монгол гэрийн бэлгэдэл //МУИС. МСС-ийн ЭШБ. Уб., 2000.

Gangbaa (2008 онд хийж байсан бие даалт, хүнд хэрэг болж магадгүй

No comments:

Post a Comment

gangbaatar@gmail.com