Сэлэнгэ аймгийн
Сайхан сумын Засаг дарга нэгэн сайхан захирамж гарган, хэрэгжүүлж байна. Энэ нь
тус суманд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгжийн хаягийг монгол бичгээр
бичих. Одоогийн байдлаар сумын төсвийн байгууллагууд гаднах хаягаа босоо бичгээрээ
бичсэн, хувийн хэвшлийнхэн нь хаягаа солих ажил үргэлжилж байна.
Сайхан сумынхны
санаачилсан энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ихэд үнэлж, тус
сумын Засаг Даргын Тамгын газартай хамтран “Бичиг соёлын өдөр”-ийг 2013 оны 5
дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Сайхан суманд тэмдэглэлээ. Нэмэн тэмдэглэхэд “Бичиг
соёлын өдөр”-ийг анх удаа орон нутагт тэмдэглэж байгаа бөгөөд цаашид бусад
аймаг, суманд уламжлал болгон зохион байгуулах аж.
Өдөрлөгийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сайхан сум
буюу Хөтөл хотын Соёлын ордонд “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэн
гаргав. Монголын шилдэг уран бичээчдийн сонгомол бүтээлүүд, сумын ЕБС-ийн
сурагчдын бичсэн бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Түүнчлэн бийрийн бичлэг,
монгол уран бичлэгийн сургалт явуулж, монгол бичгийн лекцийг нийтэд зориулан уншлаа.
Мөн сурагчдын дунд монгол бичгээр “Мазаалай” сэдэвт зохион бичлэгийн уралдаан
зарлаж, шилдгүүдийг тодруулсан байна.
Сайхан сумын Засаг Даргын Тамгын газар,
Ерөнхий боловсролын сургуулиудад монгол бичгийн хичээлийг хэл бичгийн багш нар,
бийрийн тигийн хичээлийг мэргэжлийн зураач, уран бичээчид заав. Мөн “Хөтөлийн
цемент шохой” ХК-ний үйлдвэрийн хамт олны хүсэлтээр тус үйлдвэрт зочлон, монгол
бичгийн сургалт явуулж, үйлдвэрийн хамт олны монгол бичгээр бичүүлэхийг хүссэн
үгсийг уран бичлэгээр бичиж дурсгав.
Уг өдөрлөг нь үндэсний бичгийнхээ хэрэглээг
нэмэгдүүлэх, хүүхэд залуусын эх хэл бичгээ сурах хүсэл сонирхлыг дээшлүүлсэн үр
дүнтэй сайхан ажил болж өндөрлөлөө. Байгууллагынхаа хаяг нэрийг монгол
бичгээрээ бичсэн Хөтөл хотын санаачилгаас Нийслэлчүүд, бусад аймаг, сумынхан үлгэр
авмаар. Монголын Хотуудын дунд зохион байгуулдаг “хамгийн цэвэр хот”
шалгаруулах уралдаанд сүүлийн таван жил тасралтгүй тэргүүлээд байгаа Хөтөл хот
монгол бичгээрээ бусдаас түрүүлж гоёлоо.
Нэр нь ч “Сайхан”, санаачилсан ажил нь ч
сайхан.
Ай энэ Хөтөл хот, ажил хийж амьдран суумаар
аргагүй сайхан нутаг байна даа.
No comments:
Post a Comment
gangbaatar@gmail.com