БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Tuesday, August 16, 2011

ШАЛДАН ХҮҮХЭН ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ "МИСС" ХЭМЭЭМҮЙ


Уг нийтлэлийг бичигч миний бие, бусдын нэгэн адил “мисс” гэдэг сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг үзэж, урлаг болоод гоо сайхны таашаал авдаг нэгэн гэдгээ юуны өмнө өчсүү. Монголчууд хэзээнээс хацар гуа охид бүсгүйчүүдээрээ алдартай. Гэвч эдүгээ шиг олны өмнө гаргаж, бие хаа, царай зүсийг нь байцааж байсан нь юу л бол. Одоо ам, алцай хоёрыг нь ангайлгаж үзэхээс бусдыг нь шалгаж байна. Яг л сайн угсааны мал шалгаруулж байгаа аятай.
Цаашлаад Дархан, Эрдэнэт, улс, аймаг, Ази, наашлаад аймаг дүүрэг, сум хороо хүртэл бараг нэг мисстэй (хараахан дэлхийн мисс л манайхаас тодроогүй байна) Монгол шиг оронд оюуны төвшин (IQ), гадаад хэлний боловсрол зэргийг шалгаж, шаардах нь зөв болов уу гэж мунхаглана. Заримд нь энэ утгагүй санагдаж болох юм. “Царай зүс, бие хааг нь шалгаруулж байгаа болохоос, ухааныг нь шалгаруулж байгаа юм уу, гоо үзэсгэлэнд мэдлэг энээ тэрээ ямар падлий байна, тийм л юм бол ухаалаг эмэгтэй шалгаруулах тэмцээн зохиох хэрэгтэй. Тэгвэл хамгийн царай муутай нь шалгарна. Угаасаа ухаан, царай хоёр чинь урвуу хамааралтай байдаг юм” гэж ярьж байсан нэлээд хүнийг би мэднэ.
“Түүхийг улируулан хөөхөд үе үеийн монгол хаадын хамт төрийн алтан жолоог залж ирсэн Өэлүн, Бөртө, Сорхагтан бэх тэргүүтэй түүхэнд нэрээ үлдээсэн аугаа хатад бий. Тэдний үр үндэс нь болсон хацар гуа, ухаан хурц олон бүсгүй орчин үеийн Монголд байх бөгөөд миний эргэн тойронд ч ухаан болоод гоо үзэсгэлэн тэгширсэн сайхан бүсгүйчүүд нэлээд бий. Гагцхүү тэр тэмцээнд нь л ордоггүй болохоос.
XX зууны миссийн тэмцээн дундад зууны боолын наймааг санагдуулна. Зассан тайз маягийн зүйл дээгүүр эрэгтэй, эмэгтэй, ихэвчлэн өнгөт арьс хүмүүсийг алхуулж, тэдгээрээс бие хаа томтой, хүч чадал ихтэй, эрүүл чийргийг нь сонгож худалдан авдаг шалгаруулалтыг боолын наймаа буюу боолын худалдаа гэнэ. Харин тусгайлан зассан гоёмсог тайзан дээгүүр гоё ганган хүүхнүүдийг алхуулж, тэдгээрээс бие хаа, царай зүс сайтайг нь сонгож шалгаруулаад “мисс” хэмээн нэрийдэн, толгойд нь мөнгөлөг өнгийн төмөр өмсгөхийг “миссийн тэмцээн” гэж нэрлэх ба тэрхүү цагаан металлыг “миссийн титэм” хэмээнэ. Энэхүү титмийн эзнээр тодорсон бүсгүй, мөнгөтэй баян этгээдийн эхнэр, үгүй бол нэгэн баян нөхрийн нууц амраг, аль эсвэл Мянганбаярын дараагийн амрагаар тодрох нь гарцаагүй. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлт гэдэг шиг. Нэг талаас энэхүү уралдаан дээр ирсэн эрчүүд эхнэр буюу амрагаа сонгох гэж, нөгөө талаас эл тэмцээнд оролцогсод “титмийн эзэн” болж, баян хүнтэй учирч чинээлэг сайхан амьдрахыг хүснэ. Энэ хүсэл нь хэтэрвэл эрчүүдийн зугаа болоод өнгөрнө.  
“Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг там гэж үгүй” гэсэн мэргэн үг байдаг. “Монголын мисс” хэмээх тэмцээнд ихэнхдээ боловсролыг нь орхиж, царай зүс, бие хаагаар нь загвар өмсөгч, моделиудыг шалгаруулснаас энэ титмийг нь хүртсэн зарим нь ухаан, ухамсрын доройгоос болж бүтэх, бүтэхгүй элдэв хэрэгт холбогдох нь ихэссэнийг энэ далимд дурдах нь зүйтэй болов уу.
Зөвхөн гадна үзэмж, эсвэл оюун ухаан бус, харин энэ бүгд нийлж байж сая бүсгүй хүний гоо сайхныг бүрдүүлдэг. Тиймээс “мисс” хэмээх харь үгийг хэрэглэхгүй, оронд нь “МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ 2011”, эсвэл ““МОНГОЛЫН ГОО БҮСГҮЙ 2011”, бүр болдоггүй юм бол Өвөр монголчууд шиг “ГОЁ АВХАЙ 2011” гэж нэрлэж яагаад болохгүй гэж. Мисс хэмээх энэ үгийг хэрэглэсээр байваас “монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар тольдоо”: бие хаа, царай зүсийг илүүд үздэг хүмүүст зориулж “шалдан хүүхэн шалгаруулах уралдааныг “мисс” хэмээмүй гэж тайлбарлан, энэ үгийг бид хойч үедээ өвлүүлэн үлдээх болж байна уу?  

Gangbaa 2011-02-22

No comments:

Post a Comment

gangbaatar@gmail.com