БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Tuesday, August 16, 2011

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ



“БЯМБЫН РИНЧЕН. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЧУУЛГАН”
        
Монгол улсын төрийн шагналтан, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, монгол хэл шинжлэлийн ухааны ууган доктор, профессор, эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений эрдэм шинжилгээний өгүүллийг анх удаа ботилон хэвлүүлж байна. Их эрдэмтэн монгол судлалын чиглэлээр хэдэн зуун өгүүллийг монгол, орос, англи, франц, герман, польш хэлээр бичиж нийтлүүлсэн юм. Гадаадад хэвлүүлсэн судалгааны өгүүлэл, бүтээлүүд нь “эрээд эрээд олдошгүй эрдэнэ, сураад сураад олдошгүй сувд” лугаа адил олдохуйяа ховор болжээ. Монгол судлалын хүрээнд эдүгээ болтол, түүний туурвиж хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийн бүрэн түүвэр нь хэвлэгдэж хараахан гараагүй байгаа билээ. Тиймийн тул Б.Ринчений туурвиж нийтлүүлсэн эрдэм шинжилгээний туурвилын дээжийг “Бямбын Ринчен. Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” гэсэн нэрээр анх удаа ботилон хэвлүүлж, түмэн олны  хүртээл болгож байна.
“Монгол хэл бичгийн ухаан” хэмээх нэгдүгээр ботид Их эрдэмтний монгол хэл шинжлэлийн ухаан, монгол хэл бичгийн ухааны тулгамдсан асуудлуудаар бичиж туурвисан өгүүллүүдийг дээжлэн орууллаа.  
“Монгол утга зохиол судлал” хэмээх хоёрдугаар ботид монгол утга зохиол судлал, монгол аман зохиол судлал, монгол шүлэг судлалын чиглэлээр бичиж туурвисан судалгааны өгүүллүүдийг багтаан эхний хоёр ботийг хэвлүүллээ.   
Бид их эрдэмтэн Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийг эмхтгэн 30 гаруй ботиор хэвлэн нийтлэхээр төлөвлөөд байна. Удаах Гуравдугаар ботид Англи, Герман, Франц, Польш зэрэг европын орнуудад англи, герман, польш, франц хэлээр нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэхээр ажлаа эхлээд байна. Гуравдугаар боть тун удахгүй Та бүхий гар дээр очих болно.
Gangbaa

No comments:

Post a Comment

gangbaatar@gmail.com