БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Tuesday, August 16, 2011

МОНГОЛ БҮСНИЙ БЭЛГЭДЭЛ


Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл юм. Түүнд тухайн иргэн зон, угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг билээ. Монголчууд түүхийн урт удаан хугацаанд нүүдэлчдийн ахуйн өвөрмөц соёлыг бүтээсэн бөгөөд түүнд хувцас голлох байр эзэлдэг.
 Түүхийн сурвалж мэдээнээс үзвэл, монголчууд эртнээс нааш хувцасны хууль гаргаж, харьяат улсын дотор журамлан мэдүүлж, даган мөрдүүлсээр иржээ. Монгол газар анхны төр байгуулсан Хүннүчүүд өөрийн хувцасны хуультай байсны дээр Киданчууд 928 онд Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлж байжээ. Монголын эзэнт гүрний үед Мөнх хаан 1252 онд, Хубилай 1275 онд тус тус хувцасны тухай хууль гаргаж, хувцасны хэв маягийг тогтоож байсан тухай тэмдэглэсэн байна.  
Монгол хувцсыг судалсан гадаад, дотоодын олон эрдэмтэн байх агаад нэлээд бүтээл хэвлэгджээ. Оросын нэрт түүхч Л.Н.Гумилев: “Танд орчин цагийн европ эрийг өмдгүй төсөөлөхөд бэрх. Гэтэл өмд гэдэг өмсгөлийг анх Төв Азийн нүүдэлчид зохиосон” гэж бичсэн байдаг. Мөн Японы түүхч Шиба Рёотаро “манай эриний өмнөх хятадын Жао улсын Y Лин улсдаа анх удаа хөнгөн морин цэрэг санаачлан зохион байгуулахдаа, умардын зэрлэгүүдтэй дайтахад тэдний дайтах хууль ёс, өмсгөл жаягийг дуурайх хэрэгтэй” гэж уриалсан байна. Нүүдэлчид шиг “өмд өмсөцгөөе” гэсэн тэр уриалга урт шуумагтай өмд, түрийтэй гутал өмсдөг одоогийн хувцасны эхийг тавьсан гэдэг. Шиба Рёотаро цааш нь: “Монгол дээлийн товч шилбэ ХҮII зууны сүүлчээр Унгарын морин цэргийн хувцсаар дамжин Европт тархахдаа дээлний шилбэ хавирга мэт уртсаж мундирийн гоёл, чимэг төдий болжээ” гэж дүгнэсэн нь бий.
“Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дуурайж, улмаар манж нараар дамжин зүүн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас түгсэн” гэх мэтээр Төв Азийн нүүдэлчдийн хувцас дэлхийн хувцасны хөгжилд хэрхэн нөлөөлсөн талаар судлаачдын дэвшүүлсэн санал, таамаглал нэлээд бий.  
Энэ удаа залуучуудад зориулан бүсний талаар танин мэдэхүйн шинжтэй жижигхэн зүйлийг оруулж байна.
Дээлийн бүс бүслэх, тайлахтай холбоотой ардын зан заншил, ёс нэлээд байдаг. Бүсийг ямагт нар зөв эргүүлэн бүслэх бөгөөд үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээр гишгэх, дээгүүр нь алхах, доор тавихыг цээрлэдэг нь эр хүний сүнс сүлд бүсэндээ оршдог гэж үздэгтэй холбоотой юм. Мөн тайлж тавихдаа очир зангилаагаар зангидаж, хүүхдийн бүсийг туулай зангилаагаар зангидан дэрлэж унтдаг. Бүсийг уртааш нь цуулж авч болохоос биш, хөндлөн хэрчиж авч болдоггүй, хэрэв хөндлөн огтлох аваас амин сүнсийг нь огтолж буйтай адил нас богиносно гэлцдэг байх юм.
Бүсээ чирэхийг монголчууд цээрлэдэг. Учир нь, муу эрийн шинж, хийморь золбоо доройтно, өлөн гэдсээ цувууллаа өнчирч бэлэвсрэх цондон гэдэг. Бүсийг нар зөв ороон бүслэх ба үзүүрийг нь доороос дээш өргөн хавчуулдаг заншилтай. Бүс хийх материалыг гурав юм уу таван алдаар хэмжинэ. Хэтэрхий богино бүсийг цээрлэнэ, ядуу зүдүүгийн ёр хэмээх ба дээрээс доош дарж үзүүрийг нь хавчуулбал доройтож доошлохын тэмдэг гэнэ. Мөн олс дээс, шидмэс бүсэлбэл ядарч туйлдсаны шинж гэх. Эр хүн бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргэдэггүй, түүнчлэн хийморь лундаа, хүсэл зорилгоо хамгаалж буй хэрэг гэж үзэж, эр хүн эмэгтэй хүний бүсийг бүсэлдэггүй.
Бүсийг хуучирлаа, муудлаа гээд хаядаггүй заавал галд шатаана. Бүс гэгч их хүндэтгэлтэй зүйл учир дээгүүр нь алхах, гишгэх нь чанд хориотой. Бүс малгай хоёр бол хүндэлж, дээдэлж явах учиртай, эрхэм ёсон шингэсэн хувцас болой. Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс хэмээн малгай бүсээ машид хүндлэх билээ.
Монголчуудын уламжлалт хуримын зан үйлд хадам аав нь хүргэндээ шинэ бүс бүслүүлэх ёс бий. Энэ  нь олон үзүүрт санаагүй төв төвшин амьдрахыг зөгнөж байгаа хэрэг. Шинэ бүс бүсэлснээр эр хүн эрэлхэг баатар, цог сүлдээ мандуулж явахыг ерөөсөн утгатай бөгөөд авааль эхнэртэйгээ эвдэршгүй бат сэтгэлтэй амьдрахыг бэлгэддэг гэнэ. Эр хүн урт, өргөн бүс бүслэх нь урт нас, удаан жаргалыг бэлгэ. Харин эм хүн урт бүс бүслэх муу, хүзүү орооно гэж үздэг байх юм.
Монголчууд сур элдэн боловсруулаад, алт, мөнгө зэрэг өнгөлөг металлаар товруу хийж гоёон, гархи хийж бүсэлдэг явдал саяхан хүртэл байв. Тэд тийм суран бүсийг хийхдээ, адуу, үхрийн арьсыг элдэж 3-4 хуруу өргөн зүсэн давхар, дан суран бүс үйлдэнэ. Давхар суран бүсний дотор талыг нь дутуу элдсэн ширээр хийж, сайн боловсруулсан гадна талын сур дээр нь товрууг тогтооно.
Бүсгүйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир эмэгтэйчүүдийг «бүсгүйчүүд» гэж нэрлэх болжээ.
Мөн хүн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биедээ итгэж буйн тэмдэг болгон бүсээ солин бүсэлдэг заншил байсан нь эртнээс уламжлагдсан зүйл аж. Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангиа тайлна уу гэж хүсдэг байна. Ахмад хүн бүсний эзнээс юу олсон, үзсэнийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой бөгөөд хариуд нь ахмад хүн түүний үзсэн, олсон зүйлийн аль бэлэгтэйг тайлбарлаж, уул зангирсан бүсний зангилааг тайлдаг заншилтай.
Бүс нь үндсэн хоёр зориулалттай. Нэгдүгээрт урт хормойтой хувцсыг хумин эвсээрхэн, дулаахан болгох явдал юм. Нөгөө нь хүн алив хэрэгцээтэй хутга, хавтага, байлдааны болоод ангийн сүх, сумны саадаг, агсарга зэргийг биедээ байнга авч явах зориулалттай. Өөрөөр хэлбэл, өөрийн биед байнга авч явах шаардлагатай эд зүйлийг бүсэндээ өлгөх, хавчуулах, зүүх зэргээр хадгалан явдаг байна.
Даавуу бүсийг хэдэн янз бүсэлнэ. Бүсний гол дундаас нь ар талаасаа биеэ ороож бүслэх нь нийт халхад дэлгэрчээ. Бүсийг ороож бүслэхдээ, голоор нь хоёр хувааж, биеийнхээ урд талаас эхэлж, ар тийш ороож, өмнөө бүсний үзүүрийг зөрүүлэн гогцоолдон чангалаад хоёр үзүүрийг хоёр ташаанд унжуулж хавчуулна. Энэ нь бүс алдуурахгүй, нөгөөтээгүүр гоё харагддаг байна. Үүнийг буриад бүслэлт гэнэ.
Бүсний дундуураас нь биеэ ороож бүслээд хоёр үзүүрт нь гогцоо гаргаж түүнийг хоёр ташаандаа нэг барим хэмжээний унжуулж, бүслэхийг үзэмчин бүслэлт гэнэ. Бүс нь бас гоёл болох учир өмсөх хувцасны өнгөнөөс шалтгаалан бүсний өнгө янз бүр байдаг. Даавуу бүсний үзүүрийг нь сэмлэн гоёлго болгон цэцэг гаргах учир ч бий. Бүс хэрэглэх нь нүүдэлчин монголчуудын хувьд маш эртний уламжлалтай. Урт хормойтой дээлтэй, үргэлж морь унаагаар зорчин явдаг тэдэнд бүс нэн чухал шаардлагатай байсан нь мэдээжийн хэрэг.
Цэнхэр, улаан, хар, хөх, ногоон өнгийн бүсийг голлон бүсэлдэг заншжээ.
Их монгол улсын үед түшмэд зэрэг дэвээрээ ялгаран хаш чулуу, эвэр чимэгтэй тольт бүс бүсэлдэг байсан ажээ. Тэргүүн зэрэгтний бүсэнд шулуун буюу хээтэй хаш, дэд зэрэгтэнд хээтэй хирсийн эвэр, гутгаар, дөрөвдүгээрт шар алтаар бэрзгэр лууны нүд нийсэн, таваас есдүгээр зэрэгт хар хирсийн эвэр чимэг хийнэ. Эдгээр бүсэнд найман захтай агсрагыг улаан сураар үйлдэнэ.
Монголчууд, дэлхийн хамгийн хүчирхэг улс гүрэн байгуулж явахдаа хувцасны “моодыг” тодорхойлж байсан бол, хожим Манж-Чин улсын ноёрхлын үед эсрэгээрээ монголын язгууртан ихэс дээдсийн өмсгөлд манж-хятад хувцасны загвар нөлөөлж эхэлжээ. 1911 онд Монголчууд Манжийн эрхшээлээс ангижрахад, ноёд түшмэлийн зэрэг дэв, ямбаны хувцсыг монгол хэв шинжтэй болгон өөрчлөх зарлиг гарч байжээ.  
Монгол хувцас өмсгөлийн соёлд “бүтэх төрийн бүс” буюу аливаа задгай, тархайг бэхлэн батжуулж, салж сарнисныг эвлүүлэн бүтээх, төр ёсны уламжлалд “ээл ихт хүнд бүс тогтоохын бэлгэ” хэмээн үзэж, хаан төрийн есөн их бэлгийн долдугаарт оруулах ажгуу.

Gangbaa

1 comment:

  1. Баярлалаа, хэрэгтэй сайхан нийтлэл байна. Танд амжилт хүсье!

    ReplyDelete

gangbaatar@gmail.com