Монгол хэлний нутгийн аялгууны судлал бол монгол хэлбичгийн шинжлэх ухааны томоохон салбар ухаан болно. Одоо Монгол улсад Халх, Ойрад, Буриад, Үзэмчин гэсэн дөрвөн гол аман аялгуутан оршин сууж байна. Монголчууд бидний хэл яриаг гадаадад эрчимтэй судлах ажил бүр 1898 оноос эхэлжээ. Монгол хэлний нутгийн аялгуу судлалын 110 гаруй жилийн түүхийг эргэн үзэхэд анхандаа гадаадын монголч эрдэмтэд монгол хэл аялгуутны угсаатны бүрэлдэхүүн, оршин суух нутаг орон, зан үйлийн талаас илүү анхаарсан байна. Энд юуны өмнө Финляндын эрдэмтэн А.Кастрен, Г.И.Рамстедт нарын судалгааны талаар өгүүлье. Академич Б.Я.Владимирцов: “А.Кастрены гялалзсан бүтээлүүд нь тухайн үеийнхээ монголын судлалын бүтээлүүдээс хол түрүүлсэн юм. ... Бүтэн тавин жилийн турш амьд монгол хэл аялгуунууд, аман ярианы хэлийг судлах ажил огт урагш ахисангүйгээр үл барам, А.Кастрены судалгааг ч зохих хэмжээгээр ашигласангүй... Хожим монгол амьд хэл ярианы хэлийг анхаарч судалсан ганц нэг судалгаа гарсан боловч тэдгээр нь А.Кастрены гарамгай бүтээлүүдийг алт ч талаараа, хаана ч хүрээгүй юм. Дөнгөж ХХ зууны эхээр монголын судлал А.Кастрены заасан зам дээр гарч, түүний эх орон нэгт эрдэмтэн, монгол судлалын шинэ эринийг эхлэлийг тавигчийн нэг Г.И.Рамстедт амьд хэл аялгууны судлалыг чухалчлан үзэх болсон билээ”1 гэжээ. А.Кастрены эхэлсэн алтай хэлний судалгааг үргэлжлүүлэхээр Финно-Угорын нийгэмлэгийн ерөнхийлөгч О.Доннер 1898 онд Төв Азийн хэд хэдэн оронд авьяаслаг залуу судлаачдыг илгээх санал гаргаж Г.И.Рамстедтыг Монгол руу явуулжээ. Г.И.Рамстедт Байгалын өмнөд бие, Гадаад Монголд гурван жил сууж цуглуулсан хэрэглэгдэхүүнээ боловсруулж монгол хэлний судлалаар хоёр сайн ном бичсэний нэг нь халх монгол хэлний авиа судлалын тухай “Монгол ном бичгийн хэл, хүрээний аман аялгуу хоёрыг авиазүйгээр харьцуулсан нь” гэдэг2 зохиол болно. Энэ судалгаа 1902 онд Герман хэлээр гарч дараахан нь 1908 онд монголч эрдэмтэн А.Д.Руднев оросоор орчуулан хэвлүүлсэн нь Санкт Петербургийн Их сургуулийн дорно дахины салбарын монгол хэлний мэргэжлийн профессор багш, оюутны ширээний ном болжээ. 1960-аад оны сүүлчээр энэ номыг академич Г.Лувсанцэрэн монгол хэлээр орчуулж хэвлүүлсэн билээ. Монгол хэлний Хүрээний халх аман аялгууг судалсан Г.И.Рамстедтын энэ зохиолын орчуулгын төгсгөлд академич Б.Ринчен: “Орчин үеийн монголын судлал, Г.Рамстедтын анх шинэ сургаал үүсгэж байсан үеэс машид давшин хөгжсөн боловч, монгол хэл аялгууны тухай судлан шинжилсэн зохиол нь монгол хэлбичиг, монгол утга зохиол судлал зэргийг оролдогч хүний даруй үзэн туулж, судлан мэдвэл зохих бүтээл хэвээрээ байна. Түүгээр ч үл барам монгол хэлний нутгийн аялгууг бичгийн хэлтэй харьцуулсан судалгааны эхлэл болсон, монгол хэлний нутгийн аялгууны судлалд шинэ үе нээсэн энэ зохиол гарсны дараа монгол хэлний судалгаа эрчимжиж монгол хэлний түүхэн харьцуулах судалгаа өрнөв” 3 гэжээ.
Монгол хэлшинжлэлийн өнөөгийн тулгарсан зорилтуудын нэг нь орчин үеийн монгол хэл, аялгууны түүхийг судлах нь нэн чухал юм. Монгол хэлний нутгийн аялгууг түүхэн үүднээс харьцуулах аргыг хэрэглэх нөхцөл, боломж бусад алтай хэлний аялгууг бодвол илүү тохиромжтой, эх хэрэглэгдэхүүнээр баялаг юм.
Монгол хэлний баруун халхын аялгууг Г.И.Рамстедтээс хойш хориод жилийн дараа нийт халхын аялгууг түүхэн харьцуулах аргаар судалсан Б.Я.Владимирцовын сонгодог зохиол4 гарснаас хойш энэ сэдвээр олон бүтээл гадаад дотоодод гарсан боловч, монгол бичгийн хэлийг монгол хэлний нутгийн аялгуунуудтай системтэй харьцуулан судалсан нь монгол хэлшинжлэлийн энэ салбарыг үүсгэгч Б.Я.Владимирцовын хийснээс цааш ахиагүй байна.
Монгол хэлний нутгийн аялгууны судлалын өөр нэг зорилго бол монгол хэлшинжлэлийн нэгэн чухал үе, 1950–иад оноос эрчимтэй эхэлсэн монголын эрдэмтдийн сурвалжилсан хээрийн шинжилгээний ангийн тайлан бүтээлийг нэгтгэн дүгнэх ажил хийх хэрэгтэй болж байна. Одоогоор бид монгол хэлний нутгийн аялгууны тухай хүрэлцээтэй ганц сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний олон зуун өгүүлэл, баялаг эх хэрэглэгдэхүүн хэвлэсэн нь гадаад орон, Монгол улс дахь монгол хэлшинжилэлийн нутгийн аялгуу судлалын нэг гол амжилт мөн.
Монгол хэлний нутгийн аялгууны судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа маргаантай гол сэдэв бол олон монгол хэл, түүний аялгуунуудыг ангилан хуваах тухай болно.
VIII-XI зууны үеэс Онон, Хэрлэнгийн монгол аймгууд өөр хоорондоо нэгдэн, аймгуудын холбоо тогтож, улмаар XIII зууны үеэс Монголын нэгдсэн гүрэн байгуулагдсан зэрэг нь нийт монгол туургатнуудын нийгэм-соёлын нэгдлийг хангахад нэн чухал алхам болсон бөгөөд энэ нь олон монгол аялгуунууд улам бүр ойртон нягтрахад ч зохих түлхэц болжээ.5
Орчин цагийн монгол хэл аялгуунуудыг ангилах талаар А.Д.Руднев(”Опыт классафикации монголов по наречиям”, Г.И.Рамстедт, Сравнительная фонетика монгольского письменного языка халхаско-ургинского говора, СПб., 1908, IV-V), Б.Я.Владимирцов (9:17-18), Г.Д.Санжеев (29:27-71), Н.Поппе (65-23), Ш.Лувсанвандан (Монгол хэл аялгууны учир, Уб., 1959, 41х), Г.Дөрфер (Klassifikation und Verbreitung der mongolischen Sprachen, Handbich der Orientalistik, 1964, 34-50) Д.Төмөртогоо (Монгол хэлшинжилэлийн онол, түүхийн асуудалууд) нарын ангилсан янз бүрийн хуваарь бий билээ. Ер хэл аялгуунуудыг ангилдаг өөр өөр зарчим байдаг бөгөөд монгол хэл аялгуунуудын ангиллын талаар сүүлийн үед нэлээд тогтвортой баримталж байгаа хуваарийг үндэс болгон орчин цагийн нийт монгол хэл аялгуунуудыг доорх байдлаар ангилж судалсан ангиллыг “Орчин цагийн монгол хэл”6 гэдэг хамтын бүтээлээр Их, дээд сургуулийн монгол хэлний ангид зааж сургаж байна. Энэ нь Могол хэл, Монгор хэл, Дунсян хэл, Баоань хэл, Зүүн Уйгур хэл, Дагур хэл, Халимаг хэл, Ойрад хэл, Буриад хэл, Төв монгол хэл, Өмнөд монгол хэл гэсэн 11 хэл байна гэж үзжээ.
Ойрадаар Монгол улс, Хятад улсын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Баянгол, Ховог Сайр, Тарвагатай Бор талын нутгаар оршин суудаг баяд, дөрвөд, торгууд, захчин, урианхай, өөлд зэрэг хэд хэдэн аман аялгуутай нийтдээ 300 мянга орчим хүн ярилцдаг.
Буриадаар Монгол улсын Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн буриадууд, Оросын Холбооны улсад оршин суудаг 490 мянга орчим хүн ярилцдаг. Монгол улсад 35 мянган, БНХАУ-д 10 мянга орчим буриад байна. Буриад хэл дотроо ага, алар, барга-буриад, баргазун, бохин, сартуул, түнхин, хори, цонгоол, эхирид-булагад зэрэг олон аман аялгуутай.
Өмнөд монголоор БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орон, Ляонин, Гирин, Хэйлунзиян, Хэбэй, Хармөрөн, Хэнань, Сычуань зэрэг мужуудын зарим хэсгээр оршин суудаг хүмүүс ярилцдаг. Хүн ам нь 2000 оны байдлаар 5 сая 813 мянга 900 байв. Цахар, ордос, баарин, харчин, хорчин, горлос, түмэд, найман зэрэг арав гаруй аман аялгуутай.
Төв монголоор Монгол улсын доторхи ойрад, буриад болон бусад бүх монгол хэлтэн хэлэлцэнэ. Нийт хүн ам нь 1,7 сая орчим халх, дархад, сартуул, дарьганга зэрэг аман аялгуутай болно. Төв монгол хэлний нутгийн аялгууг Монгол улсын эрдэмтэд бүр 1930-40-өөд оноос эхлэн судалжээ.
Бээжингийн Их сургуульд багшилж байсан профессор Ш.Лувсанванданд профессор Б.Ринчен хойно тодорхой өгүүлэх нэгэн захидал илгээжээ. Ш.Лувсанвандан багштан тэр захидлыг хүлээн авч “Орчин цагийн ар, өвөр монголчууд, ойрад буриадын хэлэлцэх олон нутгийн аялгуу, аман аялгуу нь хоорондоо холбоогүй, салангид хэлнүүд биш, харин төв аялгуундаа захирагдан, нэгэн монгол хэлний олон нутгийн аялгуу болох нь илэрхий. Орчин цагийн монгол хэлний олон нутгийн аялгуу, аман аялгууг ангилахад юуны өмнө хэлний шинж буюу өөрөөр хэлбэл авиазүй, хэлзүйн үгийн сангийн онцлогийг үндэс болгож аялгуу, аман аялгуу, салбарын аялгуу гэж гурван зэрэг болгон хуваавал тохиромжтой мэт болно” (Монголын судлал 1.1 32:26:24) гэсэн шинэ санал академич Ш.Лувсанвандан дэвшүүлсэн нь монгол хэл аялгуу, монгол хэлний түүх судлаачдын баримталдаг шинжилгээний шинэ дэг, чиглэл аргачлал болж хэрэгжсэн байна.
Өнгөрсөн наяад жилд монгол хэлний нутгийн аялгуу, аман зохиол судлах 100 орчим хээрийн шинжилгээний анги, албан томилолтын тайлан, бичмэл ба соронзон туузад шингээсэн баялаг эх хэрэглэгдэхүүн Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж байна. Өнгөрсөн 80 гаруй жилд Монгол хэлний нутгийн аялгуу судлалд Монгол улсын шинжлэх ухааны төв байгууллага асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулжээ. Үүний үр дүнд монгол хэлний халх, буриад, ойрад, үзэмчин, барга аман аялгууны авиазүй, хэлзүй, үгсийн сангийн тухай 500 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, гадаад, дотоодын шинжлэх ухааны нэр хүндтэй хэвлэлд гарсан байна. Эдгээр бүтээлийн олонх нь Монгол улсын хэлшинжилэлийн эрдэмтдийн зохиол юм. Төслөөр хэрэгжүүлж байгаа монгол хэлний нутгийн аялгуу судлал гэдэг энэ зохиолдоо монгол хэлбичгийн эрдэмтдийн шинжилгээний анги, албан томилолтын судалгааны бүтээлүүдийн тухай өгүүлэхийг хичээв. Тэдний бүтээл бол зөвхөн эрдэм шинжилгээний тайлан биш юм. Монгол хэлний эгшиг, гийгүүлэгчийн тогтолцоо, байрлал, үгийн үе, хэлзүйн ай категорийн хувьсал, монгол хэлний түүхэн үгийн сангийн судалгааг урагш ахиулснаараа бичгийн монгол хэлний зөв дуудахзүй, зөв бичихзүйн нормыг төлөвшүүлэн журамлахад хэлний түүхийн талаасаа илүү ач холбогдолтой эрдэм шинжилгээний өгүүллүүд юм.
“Нутгийн аялгуу судлал” гэдэг төслийг хэрэгжүүлэх явцад ажиглагдсан өөр нэг зүйл бол монгол хэл аялгуу, монгол хэлний түүх, монгол бичгийн хэлний түүхийг өнгөрсөн хугацаанд судалсан Г.И.Рамстедт, Н.Поппе, Б.Я.Владимирцов, Г.Д.Санжеев нарын хараахан бүрэн тодорхойлж чадаагүй, хэлшинжлэлийн онолын сүүл үеийн аргазүйгээр монгол хэл аялгууны дотоод бүтцийг бүрэн илрүүлээгүй үлдээсэн бүрхэг саналуудыг монгол хэл, нутгийн аялгууны баялаг жишээгээр тайлбарлаж дүгнэсэн нутгийн аялгууны хэд хэдэн ганц сэдэвт зохиол хэвлэгдсэн байна. Монголын эрдэмтэд тэдгээр ганц сэдэвт зохиолууддаа товчоолох хэлшинжлэл, бүтэц хэлшинжлэл, түүхэн харьцуулах хэлшинжлэл, зарим тохиолдолд туршилт авиазүйн судалгааны аргазүйг шинээр амжилттай хэрэглэжээ.
Монгол хэлний нутгийн аялгуу, ялангуяа халх аялгуу судалсан манай нэрт хэл шинжээч эрдэмтэд монгол хэлшинжлэлийн уламжлалт бүтээлүүд болох хэлзүйн бичгүүдийн онолыг судалж монгол хэлний нутгийн аялгууны олон үзэгдлийг энэтхэг-түвдийн уламжлалт хэлшинжлэлийн онол аргаар тайлбарлаж судалсан байна. Ийнхүү монгол хэлний нутгийн аялгуу судлал бол монгол хэлшинжлэлийн сэтгэлгээний түвшинг шат ахиулсан, өөр хоорондоо харилцан уялдаа холбоо бүхий биеэ даасан тогтолцоотой арга дэгд үндэслэсэн монгол хэлшинжлэлийн томоохон салбар ухаан болжээ.
Gangbaa
2009 он
1 Б.Я.Владимирцов Монголч эрдэмтэн А.Кастрен. “Шинжлэх ухаан” №5 1960:76. Ж.Цолоогийн орчуулга.
2 Рамстедт.Г.И. “Монгол ном бичгийн хэл, хүрээний аман аялгуу хоёрыг авиазүйгээр харшуулсан нь” Г.Лувсанцэрэн, герман хэлнээс орчуулав. //”Хэл зохиол” 4-р боть, 1966.
3 Өмнөх “Хэл зохиол” цуврал. 4-р боть. 1966:167.
4 Б.Я.Владимирцов, Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия. Л., 1929.
5 Д.Төмөртогоо. Монгол хэлшинжилэлийн онол, түүхийн асуудалууд. Уб., 2002:38.
6 Орчин цагийн монгол хэл. Уб., 2004:24-33.
Сайн байна уу. Төв халх аялгуугаар ярьдаг халх монголчууд аль аль аймагт илүү их суурьшдаг бол энэ талаар мэдээлэл байна уу.
ReplyDelete