БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

БҮГД ТАВТАЙ МОРИЛОГТУН!

Thursday, August 18, 2011

ОРХОН ГОЛ ӨНГӨӨ СОЛЬСНЫ 10 ЖИЛИЙН ОЙД...


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, цагтаа хөндийдөө устай, хөрсөн дороо баялагтай, ууландаа модтой, усандаа загастай сайхан нутаг байлаа. Гэвч Монголд “Алт хөтөлбөр” гэгчийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Бат-Өлзийнхөн баялгийн хараалд нэрвэгдэж эхлэх нь тэр ээ. “Монгол газар”, “Гацуурт”, “Алтан Дорнод Монгол”, “Дөрвөн эрх” өөр юу юу ч билээ том, жижиг нийлсэн арав гаруй алтны уурхай энэ сумын нутаг дэвсгэр, Орхон голын эхэнд үйл ажиллагаа явуулах болж “алт”-ыг бөөн бөөнөөр нь олборлож уурхайн эзэд нь хагартлаа баяжиж аймаг, сумын хэдхэн дарга багахан хэмжээний юм авснаас бусдаар нутгийн иргэдэд наалдсан, нөлөөлсөн зүйл алга. Алт олборлосны үр дүнд ундны ус, малын бэлчээргүй болсон нутгийн малчид, овоолсон хар шороо, шавартай шар ус л энэ нутагт үлдлээ.
“Алтыг нь аваад авдрыг нь хаях” гэгчийн үлгэрээр Бат-Өлзийд алт олборлолт явуулж байсан компаниас нөхөн сэргээлт хийсэн аж ахуй нэгж нэг ч үгүй. Зарим телевизээр “Монгол газар”, “Гацуурт”-ын уурхайгаас бэлдсэн захиалгат нэвтрүүлэг гарч ард иргэдийн тархийг угаана. “Хариуцлагатай уул уурхай хөгжиж байна, ингэж ч мод тарьсан, тэгж ч иргэдийн амьдралын төвшин дээшиллээ гээд л”. Энэ захиалгат нэвтрүүлгийг нь үзсэн Төрийн Хэд маань үнэхээр нөхөн сэргээлт хийчихсэн, тэгээд түүнийг нь өөрөө хийлгэчихсэн бололтой л ярина.
Бат-Өлзийд Баруун сөдтий, Зүүн сөдтий хэмээх хоёр том хөндий бий. Хоёр Сөдтий бол энэ сумын бэлчээрийн гол нутаг. Халамцуу нэгэн нь Сөдтийн голын хүүхэд гэж томордог байлаа. Гэтэл тийм нэртэй гол байсан ч юм уу, үгүй ч юм уу. Одоо тэнд гол урсаж байсан гэх ямар ч шинж алга. “Энд (Сөдтийн хөндий) их том гол урсдаг байлаа” гэвэл ёстой нэг залдаг гараа л гэх байх. Ер нь ч гадны хүн үнэмшихгүй. Энэ бол голын эхэнд нь алт ухаж эхэлснээс хойших арван хэдхэн жилийн гашуун үнэн.
Гэтэл, одоо хоёр Сөдтийн голын араас Орхон гол маань устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Учир нь Орхоны эх Шийртийн аманд алт олборлодог компаниуд алт угаасан усаа шууд л Орхон голын ус руу юүлдэг. Энэ бол нэлээд эртнээс эхэлсэн явдал. Эртний гэдэг нь Орхон гол улаан шороогоор урсах болсноос хойш яг арван жил өнгөрчээ. Өөрөөр хэлбэл энэ жил “Орхон голын өнгөө сольсны 10 жилийн ой” тохиож байна. 2001 оны зун Өвөрхангайд айхтар ган болж Бат-Өлзий сум цав цагаанаараа зусч билээ. Газар нь ч цагаан, ус нь ч цагаан. Аймаг, сумын хэдэн дарга нар юу болов?, Яагаад Орхон гол цагаан шавраар урсаад байна гэж бөөн сүр болон явцгааж билээ. Оройхондуу нөгөө хэд маань нэлээн халамцуу, зарим нь бүр “тасарчихсан” буцаж ирсэн, бүр жолооч нь хүртэл согтоод голд машинаа суулгачихсан байсныг нь ахтай хамт татаж өгснөө ч сайн санаж байна. Тэгэхэд л мань хэд: “Орхоны эхээр их бороо оржээ. Тэгээд уурхайн далан нь сэтэрсэн гэнэ. Цаг агаар гэж мөн сонин юм аа. Хорьхон километрийн наана цаана ийм ялгаатай байх гэж” ухааны юм яриад буцацгааж билээ. Мань хэд зун бороо ороогүйг сайн мэднэ, гол үерлэх нь байтугай тасрах шахаж байсан үе.
Орхон голд цагаан шавар урсаж эхэлснээс хойш 10 жил өнгөрчээ. Манайхан тийм ч юмны ой, ийм ч юмны ойг тэмдэглэж, баярлах дуртай улс. Нэг нөхрийн мэндэлсний, тэнгэр болсны ой, дарга болсны ой, даншгийн наадамд шөвгөрсний ой. 10 жил, 15, 20, 25, 80, 90, 100, ..., 800, 805, 2020 гээд л ганц тоо зөрүүлнэ, нэг жил өнжөөнө гэсэн ном байхгүй. Тоондоо чухам сайн ард түмэн. Гэтэл манай хэд маань монгол нутагт төр улс анх байгуулсны, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хийсний, ардын хувьсгал ялсны, ардчилсан хувьсгал хийсний, аймаг байгуулагдсаны ойг тоолж буман чөлөөгүй, түмэн завгүй гүйсээр, хийсээр байтал зун дуусчихлаа. Зуны сар гурав биш зургаа байсан ч болоосой...
Уул нь энэ жил Орхон голынхоо өнгөө сольж, шинэ шар торгон дээл өмсөх болсны арван жилийн ойг тэмдэглэсэн бол аштай юу. Их мөнгө хийх гарц, арга энд л байсан даа. Барилдсан бөх, уралдсан моринд нь 5-70 өгөөд... Уул уурхайн компаниуд тэдэн саяын ч хандив, эдэн саяын ч тусламж, бөх, морины байг даан бие биетэйгээ өрсөлдөнө. Тэднээс гадна манай УИХ-ын гишүүд, БОАЖЯ-ны сайд, тэр ч байтугай манай сумын Засаг дарга байсан нөхөд, байгаль орчны байцаагч нар хамтаараа ирж “Ээ, Их Түшээ (Орхон) минь ээ. Таны буянаар л өдий зэрэгтэй яваа даа хөөрхий” гээд багагүй мөнгө өргөх байсан даа. Тэднээс гадна ч хандив өгөх улс зөндөө. Даан ч зун дуусчихлаа...
Арван жил өнгөрлөө Алтныхан “Бороо их ороод далан задарчихсан...” гэдэг нөгөө үлгэрээ ярьсаар, Орхон голд цагаан шавар нь урссаар...
Саяхан БОАЖЯ–ны нэг нөхөр “Энэ жил хур бороо элбэг дэлгэр сайхан зун болж байна, тэгээд ус ихтэй байгаа болохоор Орхоны эхэнд үйл ажиллагаа явуулдаг алтны компаниудын шороон далан нь сэтэрсэн гэнэ” гэж нөгөө үлгэрт нь итгэн хээв нэг ярьж сууна. Уул нь БОАЖЯ–ныхан ингэж ярихын оронд тэдгээр компаниудтай хариуцлага тооцох хэрэгтэй сэн. Манай хэд алтны уурхайнуудын нөгөө үлгэрт итгээ юм болов уу гэж горьдоно. Харамсалтай нь “үлгэрт үнэн юм байдаггүй гэсэн коммунист ухуулгаар хүмүүжсэн” манай төрийнхөн энэ үлгэрт итгэх нь байтугай, зарим нь уг үлгэрийг зохиолцсон, анх зохиож ярьсан улс.
Өнгөрсөн жилээс “Зууны мэдээ” сонин, “TV9” телевиз зэрэг мэдээллийн хэрэгслээр Орхон голын асуудлыг хөндсөн нэвтрүүлэг хийж, нийтлэл бичсэний хүчинд Монголын ард түмэн бодит байдлыг мэдэж Засгийн газраас бодлого боловсруулж Орхоны ай сав газар алт олборлох, хайгуул хийх зөвшөөрлийг цуцалж, бохирдлыг бууруулах шийдвэр гарсан ч монголын хууль гурав хоногийн үлгэрээр алтны уурхай багасах нь битгий хэл улам олширчээ. “Монгол газар”, “Алтан Дорнод Монгол” зэрэг гурав дөрөвхөн том компани үйл ажиллагаа явуулж байсан бол дээрх шийдвэрийн ачаар 60 гаруй аж ахуй нэгж энэ жил Орхоны эхэнд алт олборлож байгаа гэсэн албан бус мэдээ байна.
2010 оны 8 сарын эхээр Бат-Өлзий суманд очиж 10 гаруй хонохдоо, мөн 2011 оны 7 сарын эхээр очиж сар гаруй амрахдаа Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас яваа гэсэн дэгжин нэртэй, ганган машинтай улстай хоёр удаа тааралдлаа. Тэдний хэлэх нь “Хариуцлага тооцно, үйл ажиллагааг нь зогсооно”. Даанч манай хэдийг очихоор нь Цахиур Төмөрийн “Унаж яваа морь чинь хулгайнх, унавал хоёулаа унана шүү” гэдэг алдарт үгийг нь хэлээд, нам болгоод буцаадаг байх даа.
Орхоны загас нь үхээд дууслаа, усыг нь уусан мал үхлээ гэсэн гомдол хаа сайгүй. Мал гэснээс мал ер нь их ухаантай амьтан юм аа. Эхэндээ цианид, мөнгөн усаар хордуулсан уснаас нь гэнэдэж уугаад цаг бусаар “хорвоогийн мөнх бусыг үзүүлчихдэг” байсан бол одоо хортой гэдгийг нь мэдээд ойртох ч үгүй. Зайлуул саяхан гарсан нялх тугал, ишиг, хурга л мэдэхгүй нөгөө хортой уснаас нь туучихдаг юм шиг байгаан. Эвий дээ нялх амьтад. Энд хурга үхсэн байна, тэнд тугал үхлээ гээд. Ийм байхад Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрынхан “Орхон голыг шалгаж үзлээ. Ямар нэг химийн бодис алга. Зүгээр л шаламаар бохирдож” гэсэн хариу өгнө. Энэ хариунд нь хүн байтугай мал нь ч итгэхгүй. Хортой гэдгийг нь мэдээд байхад хоргүй гээд байгаа юм чинь.
Манай Төрийнхөн, төрийн байгууллага гэж мөн ч хүчтэй улс шүү. Хонгор хордлоо гээд байхад хордоогүй ээ, бүх хүн нь хамуутай гэсэн хариуг, хуурамч нотолгоотой нь гаргачихна. Монголд хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хэдэн Төрийн бус байгууллага бөөн юм болж байж Олон улсын шинжээчдийн багийг Монголд урьж ирүүлсэн чинь нөгөө хэдийг нь дээгүүрээ бас л аргалаад буцаачихсан. Хонгор хордсон гэдгийг бүгд л мэдэж байгаа. Хонгорын хор нь аюул дагуулсан хэвээрээ л байна. Хонгорт хоёрхон хятад гар аргаар алт угааж байгаад, гэтэл Орхоны эхэн дээр дөч, тавин уурхай, тэд бүгд химийн бодис хэрэглэнэ. Тэгээд түүнийгээ Орхон руу. Хонгорын хор ч яахав тэр хонхортоо л үлдэнэ. Гэтэл Орхон гол нь Хангай нуруу Суварга хайрхан уулаас эх авч 1124 км газар урсаад Сэлэнгэ мөрөнд цутгатлаа тав, зургаан аймаг, 20 гаруй сумын нутгийг дайран урсана. Тээлийн гол (Орхон гол) дангаар урсдаг байсан бол хэдийн Сөдтийн голын нэгэн адил болсон байгаа. Гэвч Тээлийн голд Горхин, Улиастайн, Хятруун, Улаан, Хөнөгийн, Хамрын, Цагаан, Мойлтын, Могойтын, Өвтийн гээд зөвхөн Бат-Өлзийн нутагт арав гаруй гол, доошлоод Тамир, Хавчуу, Нарийн гол (Хөгшин Орхон), Туул, Хараа, Ерөө, Шарын гол гэх мэт Монгол орны томоохон голууд цутгадаг.
Хордсон Орхон гол, Хортой Туултай нийлэн Сэлэнгэ мөрөнг хордуулна. Сэлэнгэ нь цааш дэлхийн цэвэр усны нөөцийн 3%-ийг агуулсан гэгдэх Байгал нуурт цутгана. Байгал нуур бас хордоно, бохирдоно.
Байгал нуурыг ямар азаар Монголоос булааж авав. Хятадын 300 гаруй хот цэвэр усны байнгын хомсдолтой байна, энэ жил ихэнх нутгаар нь үер болоод ундны усны дутагдалд орлоо. Дийлдэхгүй байгаа хятадуудыг ундны усаар нь бооно, Евро-Азийг нефтээр хангадаг шиг Төв Ази, цаашлаад Европыг цэвэр усаар хангана. Ус, нефтээс илүү үнэд орох цаг ойртож байна гэсэн Оросууд эхний алхмаа хийж, Байгал нуураас Хятадын хил хүртэл цэвэр усны шугам тавих ажлаа эхлүүлээд байна. Эхний ээлжид хоёр тэрбум доллар хэрэгтэй гэсэн тооцоог гаргачхаад 2010 оны намар Засгийн газартаа танилцуулж байсан. Гэтэл Оросын энэ их баялаг руу бид хор цутгасаар...
Нэг л өдөр Монголын Засгийн газар олон улсын шүүхэд дэлхийн ундны цэвэр усны нөөцийг санаатайгаар бохирдуулсан гэх хэргээр дуудагдах вий дээ.
Болдогсон бол Улаанбаатарын цэвэр усыг 10-хан хоног хаагаад үзэх юм сан. Тэгвэл л төрийн түшээд, ард иргэд цэвэр усны үнэ цэнийг мэднэ. Энэ зун Бат-Өлзийд байхдаа сумын ах дүү нарынхаараа ороход ундны усгүй гэсэн айлтай нэг бус удаа таарлаа. Хангайд тэр дундаа Орхоны хөвөөн дээр байгаа энэ айлуудыг хараад мэл гайхлаа. Энэ суманд төрсөн, Их Орхоны усанд шумбаж өссөн миний сэтгэл өмрөөд явчихав.
- Уснаас нь ууж болохгүй байна уу? гэж болохгүй байгааг нь мэдсээр байж асуулаа. Гэрийн эзэн:
- Болохын хувьд ч болно л доо. Манайхан бас ч гэж амьдралын боломжтой болохоор машин тэргээрээ өөр газраас усаа зөөгөөд уучихдаг юм. Боломжгүй улс эндээсээ л уулгүй өөр яахав дээ. Янз янзын хор их л урсдаг юм шиг байна, мань мэт ямар мэдэх биш. Голын хойдох (Орхоны ар талаар нутагладаг айлууд. Бат-Өлзий сумын ихэнх жижиг голууд өвөр амнаасаа эх авдаг. Хойд амнаасаа гол урсдаггүй учраас голын хойдох айлууд ундандаа зөвхөн Орхоны усыг л хэрэглэдэг) айлуудаас нарийнтах өвчнөөр хүмүүс их өвдөж байгаа. Энэ нь устай л холбоотой байх” гэж ярьж сууна.
Хөдөө очсон хүн эргэхдээ хоолгүй ирнэ гэж юу байх вэ. Би ч гэсэн нэг хонь хүнээр гуйж төхөөрүүлэв. Тэгсэн ходоодонд нь сэвсний оронд шавар байна. Хонь гаргасан залуу энэ жил, гаргасан хонины гэдэснээс ийм юм гараад байгаа юм. Голоор шавар биш алт урсдаг байсан бол энэ хонины гүзээнээс алт гарахгүй юу гэж хошигноно. Нэрээ ч ийм усыг хүн яаж уухав дээ. Нүдэнд харагдах шар шавран дотор харагдахгүй ямар ч хор урсаж байгааг бид мэдэх биш. Алтны уурхайгаас 60-80 гаруй киломерийн зайтай, их бага зургаа, долоон гол нийлсэн газарт ийм байхад Орхоны эх юугаар урсаж байгаа бол гэж өөрийн эрхгүй бодогдов. Орхон гол ундны уснаас гадна хүмүүст нэг зүйлээр бодитой аюул учруулах болжээ. Хоёр метрийн доор байгаа зүйл байтугай хоёрхон см-ийн доорх чулуу харагдахгүй энэ усанд сүүлийн жилүүдэд хүн эндэх нь ихэсжээ. Хаагуур хямдхан, хаана гүнзгий байгааг мэдэх ямар ч боломжгүй. Бат-Өлзий суманд голын “гарам” дагаад орвол өөрөө гал руу орж шатаж үхдэг дэнгийн эрвээхэйтэй Та яг адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл машин гармаар уурхайн хүнд даацын машин механизмууд дөрвөн улирлын турш тасралтгүй явна, голд сууна, ухна, гарам эвдэнэ. Эвдэрсэн энэ гармаар нь морьтой хүмүүс ороод эндэх тохиолдол гарах болсон гэнэ.
Намайг Бат-Өлзий суманд байх хугацаанд Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Ардын намын нарийн бичгийн дарга, МХЕГ-ийн дарга асан Я.Содбаатар нар ирж Орхон голын бохирдлыг арилгана гэж нэлээн том амлаад буцаж байна лээ. Түүний дараагаар МХЕГ болон Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан шалгалтын баг Орхон голын бохирдол, алт олборлогч компаниудын үйл ажиллагааг шалгахаар явсан сураг дуулдсан. Хамтарсан багийн дүгнэлтийг үнэн зөв гараасай хэмээн найднам. Нэг зүйлийг нэмэн дурдахад хэдэн жилийн өмнө Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тахилгад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохдоо Орхон голын эхэнд алт олборлож байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, голын бохирдлыг арилгуулахаар амласан, айлдсан айлдвар тань одоо ч нутгийн ардуудын сэтгэлд бөхөөгүй гэрэлтсээр байдаг юм байна. Түүнээс хойш бүтэн хоёр жил өнгөрлөө. Ерөнхийлөгч таны айлдаад түр умартсаныг мөхөс миний бие энэ нийтлэлийн далимд сануулахыг хичээлээ.

Оюу толгойгоос үнэтэй Орхон гол мину
Таван толгойгоос үнэтэй Түшээ гүн мину

            Ус чандмань эрдэнэ!!!
Gangbaa
2011-08-18

1 comment:

  1. Бид буруутай. З.Энхболд, Лүндээжанцан, Г.Батхүү зэрэг хүмүүсээ дахин дахин сонгоод, тахин шүтээд л байхаар ийм байдалд орж байгаа болов уу даа. Бидний байж байгаа царай л энэ шүү дээ. Олигтойхон байсан бол юу гэж ийм ХҮМҮҮСИЙГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГАХ билээ. Би ингэж л бодож байна даа. Сайхан нийтлэл байна. Сонин дээр тавиад нутгийнхандаа тараагаарай.

    ReplyDelete

gangbaatar@gmail.com